Ой, хээрийн түймрийн дуудлага 46.2 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-27 11:45:10

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 134 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.


Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.2 хувиар нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га, нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна


Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газарт гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулаад байгаа.


Мөн Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 481 алба хаагч, 34 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 18 алба хаагч, 2 автомашин, 1 нисдэг тэрэг, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 299 хүн, 68 автомашинтай буюу нийт 808 хүн, 104 автомашинтай ажиллаж байна.

Холбоотой мэдээ