Р.Содхүү: Цахим гарын үсэг, цахим гадаад паспорт төсөл санхүүжилтээс шалтгаалан түр зогссон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-08 17:49:50

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ*ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийсэн бөгөөд "Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасан" гэж онцлов. 

Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад гадаад худалдаа ашигтай байгаа атал валютын нөөц хомс, ханш өссөөр байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ, ханшийн дээд хязгаарыг тогтоож өгч болохгүй юу", УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Засгийн газарт буцаасан хуулийн төслүүдийг хэзээ оруулж ирэх гэж байгаа, тоон гарын үсэг олгох бэлтгэл ажлыг хангах хүрээнд юу хийхээр төлөвлөж байгаа", УИХ-ын гишүүн Н.Оюундарь өмнөх Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендерт Унгарын нэг компанийг шалгаруулснаас үүдэж өртөг зардал нь өссөн, нөөц хомсдсон гэсэн яриа бодитой эсэхийг тодруулсан юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа хэдий ч валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс болж ханш тогтворжиж чадахгүй байна. Мөн сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбогдож 400-гаад сая ам.доллар гадагш гарсан нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн" гэж хариулав. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "УИХ-аас буцаасан 5 хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд байгаа. Одоо үлдсэн 4 хуулийн төсөл болон бүртгэлийн багц 3 хуулийн төсөл зэрэг 10 орчим хуулийн төслийг 11 дүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр яамдаас энэ 7 хоногтоо багтаан санал авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа" гэлээ.

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "Цахим гарын үсэг, цахим гадаад паспорт төсөл нь дэд бүтцийн сүлжээ, техникийн тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн хөрөнгө зардал шаардагдах учраас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед түр зогссон. Тиймээс бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллаж байна" гэж Ш.Раднаасэд гишүүний асуултад хариулав. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гадаад паспортын бэлдэцийн тухайд "Өнгөрсөн Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендер зарлаж Унгарын компани шалгарсан байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллан дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан. Энэ талаархи материалыг байнгын хорооны гишүүдэд өгнө" гэв.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан "хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх", мөн "хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, цахим орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх" гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Н.Туяа

Холбоотой мэдээ