Сандэй худалдааны төвд гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-12 12:13:50

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан. 

Тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна.
2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг  хүлээн авч, 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасгууд шуурхай ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар гал унтраах ажиллагааг удирдан гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах 3 хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсаны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна.

Гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 1-ээс 7 дугаар давхар болон барилгын зоорийн давхарын урд талын худалдаа үйлчилгээ явуулж буй түрээслэгч нарын лангуу, бараа материалыг гал түймрийн аюулаас авран хамгаалж гал гарах үед 7 давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай 2 эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-ыг  дуудан хүлээлгэн өгчээ.  

Сандэй худалдааны төвийн зоорийн давхарт гарсан гал түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн 5 тасаг  гал унтраах зориулалтын 9 автомашин, хорт хий утаанаас хамгаалах 25 ширхэг багтай, Гал унтраах аврах ангийн 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 албан хаагч ажиллаж, 15 тонн ус зарцуулж гал түймрийг бүрэн унтраасан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ