"Хяналт шийдвэрлэлт-2016” арга хэмжээний хүрээнд 131 зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-09 14:40:45

“Хяналт шийдвэрлэлт-2016” нэгдсэн арга хэмжээ Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжиж,  эхний 7 хоногийн байдлаар нийт 131 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авчээ.

Мал хулгайлах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилготой тус арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэстэй хамтран 11-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа юм.

Эхний 7 хоногийн байдлаар 1990 тээврийн хэрэгсэл, 6463 зорчигчийг шалган, 9252 мал, мах, 233 м3 мод, 8 ширхэг загас, 35 тн жоншны гарал үүслийг баталгаажуулан нэвтрүүлжээ. Хяналт шалгалтын хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 118, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 7, зохих зөвшөөрөлгүйгээр ан агнасан 2, нийт 131 зөрчлийг илрүүлэн, зөрчил гаргагч 108 иргэнийг 4.2 сая төгрөгөөр торгож, 1 чоно, 1 зээрийг хураан авч шалгасан аж. Мөн 383 малчинд “Сэрэмжлүүлэг” тарааж, 2506 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ.

Чингис хот, Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Баянхутаг, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Овоо, Биндэр зэрэг сумдын хөдөлгөөний гол замуудад суурин болон хөдөлгөөнт постыг ажиллуулж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт шалган нэвтрүүлэх эдгээр 10 постонд цагдаагийн газраас 14, бусад байгууллагуудаас 22 алба хаагч ажиллаж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ