Оззи Осборны дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-31 12:12:29

БИРМИНГЕМ, 2025 оны долоодугаар сарын 31 /AP/. Английн алдарт “Black Sabbath хамтлагийн гоцлол дуучин, “Харанхуйн хунтайж гэгддэг Оззи Осборны дурсгалыг хүндэтгэхээр Бирмингем хотод лхагва гарагт олон мянган хүн цугларчээ. 


О.Осборны шарилыг тээвэрлэсэн машин түүний төрж өссөн, 1968 онд Black Sabbath” хамтлаг байгуулагдсан хотын олон хүн цугласан гудамжуудаар явж өнгөрсөн байна. Тэрбээр долоодугаар сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн бөгөөд сүүлчийн тоглолтоо хийснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа нас баржээ. Хэдэн жилийн өмнө Паркинсоны өвчнөөр оношлогдсоноос хойш түүний биеийн байдал тааруу байжээ.


О.Осборн өөрийг нь оршуулах ёслол уй гашуу дүүрэн арга хэмжээ бус харин баяр мэт байгаасай гэж хүсэж байгаагаа хэлж байв. Тэгвэл цугласан олон Оззи, Оззи, Оззи, ой, ой, ой” хэмээн хашгирч, тэдний дунд уйтгар гуниг, баяр сүлэлдэж байлаа. 16 настай шүтэн бишрэгч Фан Рийс Саржант хэлэхдээ, энд ирж, хүндэтгэл үзүүлэх нь чухал гэж би хувьдаа бодсон.... Оззи болон Black Sabbath”-ийнхан бол Бирмингемийг газрын зурагт оруулсан хүмүүс гэлээ.



О.Осборныг олон жилийн турш шүтэн биширч ирсэн Энтони Хант ярихдаа "сэтгэл хөдөлгөм” өдөр болж байна гээд, бяцхан хүүхдүүдээс эхлээд өсвөр насныхан, 60, 70 настнууд гээд янз бүрийн насны хүмүүс цугласан нь гайхалтай санагдаж байна, үүнийг харахад үнэхээр сайхан байна гэлээ.


Бирмингем хотын дарга Зафар Икбалын хувьд О.Осборныг Бирмингемийн хүү, хөгжмийн домгоос ч илүү эрхэм хүндтэй хүн” хэмээн магтан сайшаажээ. Харин 58 настай галт тэрэгний жолооч Грэм Краучер хэлэхдээ, О.Осборн бол үнэмлэхүй домог байсан, “тэр дундаа миний амьдралын хөг эгшиг нь байсан хэмээн дурслаа.


Black Sabbath” хамтлаг нь хүнд металлыг түгээн дэлгэрүүлсэн гэдгээрээ алдартай. Тус хамтлаг 1970-80-аад онд асар өндөр амжилтад хүрч, дэлхий даяар 75 сая гаруй цомог борлуулж байжээ. Энэ оны зургаадугаар сард Оззи болон Back Sabbath хамтлагийн гишүүд болох Теренс Батлер, Тони Иомми, Билл Уорд нарт Бирмингем хотын төлөө оруулсан хувь нэмрийг үнэлэн Freedom of the City шагналыг гардуулсан юм. Тэд долоодугаар сарын эхээр Бирмингемд 42 мянган шүтэн бишрэгчээ цуглуулан сүүлчийн тоглолтоо хийж, “Харанхуйн хунтайж”-ийг хар сэнтийд залжээ.

 



Холбоотой мэдээ