Монгол шуудан, Эрдэнэт-Булганы ЦТС компанийг хувьчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-10 12:33:32

"Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол шуудан” компанийг хувьчлах асуудал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санал аваагүй байна. Иймээс тогтоолын төслийг буцааж, нийцүүлж боловсруулах санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" компани нь 120 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Цахилгаан түгээх сүлжээ дотроо энэ сүлжээ хамгийн ашигтай ажилладаг юм билээ. Ийм компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлах нь зөв үү” гэсэн асуулт тавьсан.

Эл асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас асууж байгаад нэг компанийг нь бэлтгэл хангалтгүй хэмээн үзэж хувьчлалыг хойшлуулсан. Гэхдээ энэ зарласан үнээр хувьчилна гэсэн үг биш. Ер нь бол эрчим хүчний салбарын эх үүсвэрийг хувьчлахгүй. Харин нэмэлт хөрөнгө оруулалт хийх буюу түгээх салбарыг хувьчлахаар тогтсон юм. Хэрэв энэ асуудал дээр тоонд өөрчлөлт орвол бүх тоонд өөрчлөлт орох болно. Тиймээс анхны хэлэлцүүлгийн үед асуудлыг хэлж ярьж баймаар байна” хэмээн хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ хувийн хэвшлийнхэн хийж чадаж байгаа салбарт төр ороод байдаг нь буруу гэсэн байр суурьтай байсан ба Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, “Хувийнхан махны экспорт хийх гэхээр яам нэг компани байгуулчихдаг. Тэгэхээр ААН-үүдэд тодорхой бус байдал үүсдэг. Энэ нь эргээд эдийн засгийн хямралд нөлөөлсөн. Төр хувийн хэвшлийн амжилттай яваа салбарт орох хэрэггүй юм” гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Үйлчилгээний газрыг хувьчлахыг эсэргүүцээгүй. “Монгол шуудан” компанийг 20 тэрбумаар хувьчлах нь хэр бодитой вэ” гэсэн асуудлыг тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, “Хэдэн байшингаар хувьчлалыг харж болохгүй. Өнөөдөр хэдэн сая цахим шууданг бие бие рүүгээ илгээдэг боллоо. Бид хувьчлахгүй байсаар байгаад энэ салбарын үнэ цэнийг нь алдагдуулчих юм биш биз. Бусад орны туршлагаас харахад өнөөдөр олон орон шуудангийн салбартаа алдагдал хүлээдэг болсон шүү” хэмээв. 

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлах юм. Чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд дээрх байр суурьтай байсан ба санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр тогтоолыг баталлаа.

Б.Туул

Холбоотой мэдээ