Ши Жиньпин, Н.Моди нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-01 08:50:39

ТЯНЬЖИН, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Тяньжин хотноо ням гарагт уулзаж, хоёр орон бол өрсөлдөгч биш харин түншүүд гэдэгтэй санал нэгджээ


Дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр орны удирдагчдын уулзалт Хятадын хойд нутгийн Тяньжин боомт хотод ням гаргаас даваа гаргийн хооронд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө боллоо.


Ши Жиньпин Н.Модид хэлэхдээ, Хятад, Энэтхэг улсууд бие биеийнхээ хувьд аюул занал гэхээсээ илүү хөгжлийн боломж юм гээд, хоёр орон энэхүү үндсэн чиглэлийг баримтлах тусам хоёр талын харилцааны тодорхой асуудлууд шийдэгдэж, харилцаанд тогтвортой ахиц дэвшил гарна гэж хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад, Энэтхэг бол дэлхийн өмнөд бүсийн чухал гишүүд бөгөөд хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, сэргэн мандалтыг ахиулж, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг ахиулах чухал үүрэг хариуцлага хүлээдгийг онцолсон байна.


Энэ онд Хятад, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин тэмдэглээд, хоёр орон харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, зохицуулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Өнгөрсөн онд Казань хотноо болсон Ши Жиньпин, Н.Моди нарын уулзалт амжилттай болсон нь Хятад, Энэтхэгийн харилцааг дахин сэргээх боломжийг олгосон хэдий ч хоёр тал Тяньжины уулзалтаас хойш харилцаагаа улам сайжруулахыг хичээх ёстой гэж БНХАУ-ын дарга нэмж хэллээ.


Ши Жиньпин стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа, солилцоогоо өргөжүүлэн, харилцан бие биенийхээ санаа зовниж буй асуудлыг зохицуулж, энх тайван, эв найрамдалтай байж, олон талт зохицуулалтыг эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалахыг хоёр талд уриалжээ. Мөн хоёр улс олон туйлт ертөнц, олон улсын харилцаанд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, Ази болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд зохих хувь нэмэр оруулах ёстойг тэмдэглэсэн байна. 


Үүний хариуд Н.Моди хэлэхдээ, өнгөрсөн онд Казань хотноо Ши Жиньпин даргатай уулзсанаас хойш хоёр талын эерэг харилцаа эргэн сэргэж, хилийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал хадгалагдаж, шууд нислэгүүд сэргэх гэж байгааг онцолжээ. Энэтхэг, Хятад хоёр бол өрсөлдөгч биш харин түншүүд бөгөөд хоёр орны зөвшилцөл нь тэдний санал зөрөлдөөнөөс хавьгүй илүү байгааг Н.Моди тэмдэглээд, Энэтхэг хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвөөс харж, хөгжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв.


Дэлхийн эдийн засагт асар их тодорхойгүй байгаа үүсээд буй нөхцөл байдалд Энэтхэг, Хятад хоёр дэлхийд чухал ач холбогдолтой эдийн засагтай орнуудын хувиар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь амин чухал юм гэж Н.Моди хэлжээ. Энэтхэг улс Хятадтай хилийн асуудлыг шударга, үндэслэлтэй, харилцан хүлээн зөвшөөрөхүйц байдлаар зохицуулахыг эрэлхийлэхэд бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Хоёр улс стратегийн бие даасан байдал хийгээд бие даасан гадаад бодлогыг баримталдаг бөгөөд хоёр талын харилцаа нь ямар нэгэн гуравдагч талын нөлөөнд автдаггүйг Энэтхэгийн Ерөнхий сайд онцлоод, Энэтхэг, Хятадын хамтын ажиллагаа XXI зууныг жинхэнэ Азийн зуун болгоно хэмээн тэмдэглэн хэлжээ



Холбоотой мэдээ