Москвад их цас орж, онгоц, галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-11-13 17:35:52

Сүүлийн долоо  хоног Москва хот болон Подмосковьед /Москва орчим / хур тундас их орж байна. Тухайлбал, өдөржин шөнөжин  цас бороо холилдон орсны улмаас өглөө, оройдоо хальтиргаа гулгаатай байна.

Нийслэл Москва хотын хур тундас  сарын нормоо  аль хэдийнэ давж биелүүлээд байна. Их цас орсны улмаас иргэд гэмтэж бэртэж, автомашины осол эрс нэмэгдэж, онгоцны нислэгүүд хэдэн арваараа цуцлагдаж, төмөр замын шугамд гэмтэл гарлаа.

Зөвхөн олон улсын Шереметьево онгоцны буудалд нэг өдөр 80 орчим нислэг цуцлагдсан. Внуково онгоцны буудлын зуны талбайд  мөс тогтсоны улмаас нисгэгчид  хөлөг  онгоцоо  маш хянуур болгоомжтой жолоодож байна. Энэ буудалд бас хэдэн арваараа нислэг цуцлагдсан. Москвагийн төмөр замын цагирагийн холбооны сүлжээ  хөлдсөн тул  галт тэрэгний цагийн хуваарьт гэнэтийн өөрчлөлт оржээ.

Москвад энэ сарын 9 -ний өдрөөс  үргэлжлэн цас орсон бөгөөд Хотын нийтийн аж ахуйн 20 мянган ажилтан, 10 мянгаад цас арилгах, ачих нэгж  техниктэй шуурхай ажиллаж байна.     

Москвагийн эрх баригчид иргэдийг өөрсдийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн унаагаар зорчихыг хүсэв.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ