“Миний байр” төсөл есдүгээр багаас эхлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Миний байр” төслийг Дархан сумын Есдүгээр багаас эхлүүллээ. Төслийн хүрээнд эхний ээлжид тус багийн есөн байрны 108 орцны хаалгыг солихоор төлөвлөжээ.
Одоогийн байдлаар тус багийн орон сууцуудын нийт 50 гаруй орцны хаалгыг электрон код, соронзон түгжээ, эрдэс хөвөн дулаалгатай, сайн чанарын ганжуулсан хамгаалалтын төмөр хаалгаар сольж байна. Энэ ажлын төсөв хөрөнгийг өнгөрсөн наймдугаар сард болсон аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар төсвийн тодотголд оруулан батлуулж ОНХС-гийн 50 орчим сая төгрөгийн төсөвтэйгөөр хийж байгаа тухай Хотын Захирагчийн албаны дарга н.Равжаадэлгэрэх ярилаа.
Мөн төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас иргэд, СӨХ-дуудтай хамтарч орцуудыг засварлаж инженерийн шугам сүлжээг нь хэсэгчилж засварлах ажлуудыг ч төлөвлөсөн байна. Уг “Миний байр” төслийг амжилттай хэрэгжүүлснээр Дархан хотын оршин суугчид иж бүрэн засварласан, дулаан тохилог орцтой орон сууцны байранд амьдрах нөхцөл бүрдэх аж.
Б.Норовсамбуу