Есөн аймагт зуд болж болзошгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-15 11:18:41

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан одоо Төрийн ордонд болж байна. 

Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.  

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-12 дугаар сард нутгийн хойд хагаст дундаж хэмжээнээс хүйтэн, цас ахиу орж, говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй цасан шуурга шуурах, энэ сарын 3 дугаар арав хоногоос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -31, цаашдаа ирэх сарын 3 дугаар арав хоногоос хүйтний эрч нэмэгдэж, шинэ оны эхний сард Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгороор -45, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -36 хүрч хүйтрэх, ирэх оны 2 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, баруун ба говь, зүүн аймгуудын зун, намартаа гантай буюу гандуу байсан, бэлчээрийн даац  хэтэрсэн аймгуудын зарим нутгаар дунджаас ахиу цас орж зам даваа цасанд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа аж.

Ялангуяа Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Завханы хойд, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөлийн баруун, Булган зүүн өмнөдөөр буюу нийт нутгийн 30 хувьд зуд тохиолдож болзошгүй гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна. Эдгээр эрсдэл ихтэй байгаа нутгаар өвс тэжээлийн нөөцийг базаах, отор нүүдэл хийх зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай гэдгийг тэрбээр энэ үеэр онцлов.

Б.Туул

 

Холбоотой мэдээ