“Алтан түрүү” шагналын эзэн Увсаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-15 12:44:13

Увс аймгийн "Арвижих-Увс" компани Монголын Олон Нийтийн Радио Телевизийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" шагналын эзэн болсон байна.

Тус шагналыг компанийн захирал Х.Сүхбаатар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо очиж өөрийн биеэр гардан авчээ.  

“Арвижих-Увс” компани нь газар тариалан, гурилын үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Увс аймгийн томоохон компаниудын нэг юм. Сагил сумын нутаг дахь Улаан хотгорын усалгаатай тариалангийн талбайгаасаа жил бүр арвин ургац хурааж, орон нутагтаа гурил, хивиг үйлдвэрлэж ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. 2011 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарч байсан тус хамт олон ийнхүү түүхт 20 жилийнхээ ойн босгон дээр “Алтан түрүү” шагналын эзэн болоод байна.   

2015 онд хөөсөнцөр хавтан, си төмрийн үйлдвэр орон нутагтаа оруулж ирснээр эдгээр барилгын материалыг Увсынхан холоос тээвэрлэж ирэх шаардлагагүй болсон юм. “Арвижих-Увс” компанийн хамт олон 2015 онд аймгийн 90 жилийн ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнг барьж хүлээлгэн өгснөөр Увс аймгийн ард иргэд түүхт ойгоо шинэ талбайдаа сайхан тэмдэглэсэн билээ.

Үүнээс гадна тус компанийн хамт олон аймгийн төвд хэд хэдэн орон сууцны барилга, сумдад албан газрын контор, сендвичэн барилгуудыг барьж ашиглалтад оруулсан юм.

                                          Б.Батхүү

Холбоотой мэдээ