УВС: Хяналт шалгалтаар аюулгүй ажиллагаа, бичиг баримтын хэрэгжилтийг сайжруулах үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-24 14:44:31

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Давст сумын төвд барьж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийжээ.


Тус ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Тоосгон уул” компани ажиллаж байгаа бөгөөд зураг төслийн зохиогчоор “Өлзий-Иш” компани ажилласан байна.


Улсын төсвийн 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус барилга энэ оны наймдугаар сарын 31-нд ашиглалтад орох гэрээтэй бөгөөд одоогоор өрлөгийн ажил хийж байна.


Хяналт шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, барилгад ашиглаж байгаа материалын шинжилгээний бичиг, тохирлын гэрчилгээг талбайд байх бичиг баримтад хавсаргах, талбайн зохион байгуулалтын зургийн дагуу ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.


Хяналт шалгалтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Т.Батбаяраар ахлуулсан баг өнгөрсөн даваа гарагт хийсэн байна.

Холбоотой мэдээ