УВС: Эко клубийн сурагчид үхрийн нүдний суулгац бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-22 15:11:58

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Түргэн сумын ЕБС-ийн Эко клубийн сурагчид үхрийн нүдний тарьц, суулгац бэлтгэх ажлыг эхлүүлжээ.


Аймгийн Байгаль орчны газар Түргэн сум дахь Сум дундын ойн ангитай хамтран Эко клубийн сурагчдад үхрийн нүдний бутыг модожсон ногоон мөчрөөр үржүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх танхимын болон дадлагын сургалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулжээ.


Энэ үеэр мод тарих, арчлан ургуулах болон “Модны доктор” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танхимын сургалт явуулснаас гадна Түргэн сум дахь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт үхрийн нүдний модожсон ногоон мөчир бэлтгэх, мөн бут тарих талбайн хөрс боловсруулах дадлага ажлыг хийжээ.


Ингэснээр сурагчид үхрийн нүдний бутыг тарьц, суулгац болгон бэлтгэж, ойролцоох сумдад нийлүүлэн худалдаж, орлого хуримтлуулан Эко клубийн үйл ажиллагаандаа зарцуулахаар идэвхтэй ажиллаж байна.


Түргэн сумын ЕБС-ийн Эко клубт 50 гаруй сурагч хамрагддаг байна. 



Холбоотой мэдээ