15 жилийн дараа сансарт худалдаа хийдэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-15 17:52:40

НЬЮ-ЙОРК. /WD/. Өнгөрсөн пүрэв гарагт Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “WGSN Futures” хурлын үеэр илтгэгчид сансрын аялал жуулчлал ойрын 5-10 жилийн хугацаанд эрчимтэй хөгжинө хэмээн онцолсон байна.

Тэдний хэлснээр “SpaceX”, “Google”, “Facebook”, “Vulcan Aerospace” ба “Connectivity Lab” зэрэг орчин үеийн, салбартаа тэргүүлэгч компаниудын ачаар бид дэлхийн тойрог зам руу чөлөөтэй аялдаг болох бөгөөд энэ нь мөн сансарт жижиглэнгийн худалдаа хөгжихөд чухал нөлөө үзүүлэх ажээ.

Орчин үеийн брэндүүд энэхүү ирээдүйн чиглэлийг эртнээс ойлгож, аль хэдийнэ бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.  Тухайлбал Японы дизайнер Йожи Ямамото “Adidas” ба “Virgin Galactic” брэндүүдтэй хамтарч сансрын нислэгт зориулсан хувцас бүтээх болсноо 2016 оны нэгдүгээр сард зарласан юм.

АНУ-ын анализын “WGSN” агентлаг тус хурлын үеэр бас нэгэн урьдчилсан тооцоолол гаргасан нь ойрын хугацаанд ухаалаг материал улам эрэлттэй болохыг тодотгосон юм. Өөрөө үдэгддэг пүүз, мэдрэгчтэй хүрэм болон бусад ухаалаг суулгацтай хувцаснууд бидний өдөр тутмын хэрэглээг өөрчилөх бололтой. Тун удахгүй чихэвч, ухаалаг утас, бугуйн цаг гэх зэрэг байнгын хэрэглээний төхөөрөмжүүд бидний хувцсанд байршиж эхлэх гэнэ.

Тус агентлагийн урьдчилсан таамаг биелэх эсэхийг бид 15 жилийн дараа л мэдэх боломжтой болох юм.

Х.Сарнай
 

Холбоотой мэдээ