Хог хаягдлын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-15 20:01:49

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудыг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд баталсан боловч хуулийн дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгээгүй тул хууль санаачлагчид нь буцаах болсон юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хууль, журмыг мөрдөх үүднээс ийм шийдвэр гаргаж байгааг дэмжиж байгаагаа хэлээд Засгийн газраас ойрын хугацаанд эдгээр хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Мөн өргөн мэдүүлсний дараа байнгын хорооноос ажлын хэсгийг шуурхай байгуулах нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм.  

Ингээд санал хураалт явуулж, гишүүдийн 90 хувь нь дэмжсэнээр Хог хаягдлын тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг буцаах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болов. 

Н.Туяа

Холбоотой мэдээ