Нийслэлийн цагдаа цахим зураглалаар гэмт хэргийг хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа дэлхийн том хотуудын жишгээр Нийслэлийн цагдаагийн газар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээллийг газрын зурагт тэмдэглэж, улмаар гэмт хэргийн мэдээллийг нэгтгэн Arc GIS газар зүйн мэдээллийн системд суурилсан "Гэмт хэргийн цахим зураглал" боловсруулж туршин ажиллаж байгаагаа мэдэгдсэн.
Ийм газрын зураг бүхий цахим зураглалыг нэвтрүүлснээр гэмт хэрэгт өртсөн цэгийг тэмдэглэх, гэмт хэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой болох юм. Цаашдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн төвийг ч байгуулах аж. Тиймээс хотын гол гудамж, талбайг хянах "Теле хяналтын камер" хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхэлсэн байна. Одоогоор 1600 гаруй теле хяналтын камерыг нэгдсэн төвтэй холбосноос гадна гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах 4000 чиглэлийг тогтоосон байна.Одоогоор гэр хороолол, орон сууцны хооронд оршин суугчдаа сайн мэдэх 2500 иргэнийг сонгон "Хэв журмын урамшилт эргүүл"-ээр ажиллуулж байгаа гэж мэдээлэв. Мөн "Хэргийн газрын үзлэг-Мөрдөн байцаагч" модуль сургалтанд дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн 390 албан хаагчдыг хамруулжээ.
Ж.Батсайхан