Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын ажлыг хавраас эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-16 18:45:09

Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ "Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил санхүүжилтгүйгээс болоод зогссон. Гэхдээ ирэх хавраас төслийг эхлүүлэхээр ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Тэрбээр, "Төмөр замын төслийг урагшлуулах асуудлыг хариуцсан Засгийн газрын ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Ер нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг Хятадын тал цогцоор хөгжүүлэх санал тавьж байгаа. Энэ саналыг Монголын Засгийн газар ч мөн дэмжиж байгаа. Төмөр замын хувьд өнгөрсөн оны 8, 9 дүгээр сараас “Шиньхуа” групптэй хэлэлцээр хийж байна.

Хөгжлийн банкны 200 сая ам.доллараар төмөр замын доод бүтцийн 51 хувийг хийж гүйцэтгэсэн. Түүнээс бол нийт төмөр замын 51 хувь нь биш юм. Далангийн ажил буюу доод бүтцийн бүтээн байгуулалтын суурь бүтэц гэсэн үг. Одоо бол 200 гаруй км яваад зогссон байдалтай байна.

Юуны түрүүнд холболтын цэгийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар Хятадын тал хариу өгөөгүй байгаа. Албан бусаар бол танай саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Тавантолгойгоос 200 гаруй км яваад зогссон цэгээс улсын хил хүртэл зөрүү үүссэн байгаа нь үнэн. Тэгэхээр энэ бол том асуудал биш. Гагцхүү ганцхан хүндрэл нь хил дамнасан 5,6 км гүүр барьж байж энэ замыг холбоно. Манай талаас илүү зардал гарах гээд байгаа асуудал энэ юм" гэсэн мэдээллийг өгч байв.

Салбарын мэргэжилтнүүдийн хувьд "Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил 2014 оны 11 дүгээр сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Суурь бүтцийн ажил буюу далангийн ажлыг 86 хувьтай хийсэн. “Шиньхуа” групптэй гэрээ хийхээр яриа хэлэлцээр хийж байна. Ажил эхэлвэл хоёр жилийн хугацаанд барьж дуусгана" гэсэн тайлбар хийлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ