Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-аас Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийн хүрээнд “Дэлхийн зөн Монгол”, ОУБ, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагуудтай хамтран иргэдийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, тэднийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд залууст таниулан мэдүүлэхэд улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлж анхаарлаа хандуулж байна.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Аюулгүй амьдрах мэдлэг” уриаг дэвшүүлжээ. Монгол Улсын хувьд ч энэ хүрээнд тус олон улсын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Тохиолдож буй аюулт үзэгдэл, ослын гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Энэ нь иргэд аюулт үзэгдэл осол, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг байгаагаас гамшиг осолд өртсөөр байгаа гэсэн үг юм.
Оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож үүний улмаас 170 хүн амь насаа алдан 49,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Б.Туул