Д.Рэгдэл:Технологийн бирж байгуулж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭШУА-ийн 7 дахь ерөнхийлөгчөөр академич, профессор Д.Рэгдэлийг 10 дугаар сарын 27-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат батламжилснаар энэ сарын 03-нд ажилдаа ороод байна. 40 гаруй шил Шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж яваа түүнтэй уулзаж Монгол Улсын шинжлэх ухааны салбарт хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар ярилцав.
-Та ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Шинжлэх ухааны салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа вэ?
-ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль 4 жил тутамд болдог. Энэ хугацаанд өнгөрсөн 4 жилийн түвшинг ахиулах ажил хийх ёстой. Шинжлэх ухааны салбарт огцом шинэчлэл хийх боломжгүй. Яагаад гэвэл шинжлэх ухаан өөрөө мөн чанарын хувьд их консерватив. Суурь шинжлэх ухаан, байгалийн ухааны чиглэлээр судалгаа явуулдаг хүрээлэнгүүдийн судалгааны чиглэлд л өөрчлөлт хийнэ үү гэхээс биш нөгөө судалдаг объект байдгаараа л байна шүү дээ. Харин хамгийн энгийн шинэчлэлийг удирдлагын бүтцэд хийж болно. Шинэ санаа, мэдлэг, туршлагаар 4 жил тутамд хүч сэлбэгдэж шинэчлэгдэж байх учиртай.
Дараагийн түвшний шинэчлэл бол эрхзүйн орчин. Манай шинжлэх ухааны салбарын эрхзүйн орчин 1998-1999 онд нэг том багцаараа шийдэгдэж батлагдсан. Тухайн үеийн хуулийг дагаж гарсан журам дүрэм байдаг. Түүнийг огт өөрчлөөгүй өдий хүрсэн. Үүнийг шинэчлэх ёстой. Манай шинжлэх ухааны салбарын гол хууль Шинжлэх ухаан технологийн тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 10 жил өнгөрчээ.
Миний хувьд төрөөс баримтлах бодлого, салбарын багц хууль гээд бүгдэд нь ажлын хэсэгт ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2012 онд Инновацийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллалаа. Үүнээс хойш энэ салбарт шинэ хууль, шинэчилсэн найруулга хийгдээгүй байна.
ШУА-ийн ерөнхийлөгчөөр батламжилсны дараа хийсэн нэг ажил бол хоёр сарын хугацаатай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань шинжлэх ухааны салбарт холбоотой 40 гаруй хуульд хоорондын уялдаа холбоо, бие биедээ харшилж байгаа үгүйг, өнөөгийн бодлого үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар задлан шинжилгээ хийнэ. Мөн манай ШУА-д мөрддөг дүрэм журмыг багцаар нь авч үзнэ. Үүний дараа эрхзүйн орчны шинэчлэлийн талаарх тодорхой саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарт өргөн барина. Ингэснээр энэ салбарын эрхзүйн орчинд нэлээн том өөрчлөлт хийх боломжтой.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэх, санхүүжилтийн бүтцийг боловсронгуй болгоход шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын төсвийн санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувийг эзэлдэг. Энэ бол дэлхийд маш доогуур үзүүлэлт. Тэр тусмаа манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 20 орчим тэрбум байгаа үүнтэй харьцуулахад маш бага мөнгө л дөө. Шинжлэх ухааны салбарт 2012 оноос хойш төсөвт нэмэлт хийгээгүй. Харин энэ жил төсөв ийм хүнд байхад эрдэм шинжилгээний зардал 10 гаруй хувь нэмэгдсэн нь Засгийн газар шинжлэх ухааны салбарт анхаарч эхэлсний шинж. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувиас нэг их хэтрээгүй л дээ. "Аливаа улсын шинжлэх ухааны салбарт өгч байгаа төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьд хүрч байж шинжлэх ухаан нь эдийн засагтаа бодитой нэмэр болдог, эдийн засгаа эрчимжүүлэхэд нөлөөлдөг” гэсэн баталгаагүй үнэн байдаг. БНХАУ 2015 онд гэхэд шинжлэх ухаанд зарцуулах төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрээд байна. Шинжлэх ухааны салбартаа өгч буй мөнгөний хэмжээ 350 орчим тэрбум юань байгаа нь Шинжлэх ухааныг дэмжиж хөгждөгөөрөө АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаж байна.
Бид 2020 онд багтаан дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьд хүрсэн зардлыг шинжлэх ухаанд өгөх зорилт тавьж байна. Сонгуульд ялсан МАН шинжлэх ухааны зардлыг 5 дахин нэмнэ гэсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай дүйх хэмжээний мөнгө. Энэ бодитой нэмэлтийг хамгийн ойрын хугацаагаар бодоход 2018 оноос орж ирнэ гэж төсөөлж байгаа. Энэ нэмэлт мөнгөний зонхилох хэсэг нь эрдэм шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зарцуулагдана. 2020 он гэхэд 160-170 орчим тэрбум төгрөг гэж тооцоолоход үүний 20 орчим тэрбум нь цалин, урсгал зардал, үлдсэн 150 орчим тэрбум төгрөг нь тоног төхөөрөмжид зарцуулагдах юм.
-Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ гэж нэг хэсэг ярьдаг байсан. Эдийн засгийн хямралтай үед эрдэмтдийн шинэ бүтээл туурвил нь эдийн засгаа дэмжих бодит хөрсөн дээр буусан ямар ажил байна вэ?
-Засгийн газраас барьж буй шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл цөм технологийн бодлого сүүлийн 10 дахь жилдээ ороод явж байна.
Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлж түүндээ түлхүү санхүүжилт өгдөг. Хүний хөгжил, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах технологи, өндөр технологиуд багтдаг ч судалгаа хийж буй эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагыг хэрхэн чиглүүлэх асуудал хоцрогдолтой явж байна. Ер нь эрдэмтэд юм хийдэггүй, цаас үйлдвэрлэдэг гэх шүүмжлэл сүүлийн 50-60 жилийн яриа. Харин социализмын үед нэг давуу тал байсан. Улсын төсөвт шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэх зардал суудаг. Тэр үед үйлдвэрийн газрууд бүгд улсынх байсан. Үйлдвэр бүрийн төсөвт дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөвтэй. Түүний хүчинд үйлдвэрлэлийн салбарт дэвшил гарч байсан юм шүү. Жишээ нь АПУ компани анх бий болсон цагаас ШУА-ийн хүрээлэнгүүдээс технологиор хөгжсөн шүү дээ.
Сүүлийн жилүүдэд Инновацийн хуулийн заалтыг ашиглаад Засгийн газраас шийд гарган эрдэм шинжилгээний байгууллагууд их сургуулийн дэргэд гарааны компани байгуулах эрхзүйн орчин нээж өгсөн. Гарааны компаниуд хөгжлийн эхний шатандаа байна. ШУА-ийн байгалийн ухааны чиглэлээр ажилладаг 6 хүрээлэн бий. Үүний дэргэд 6 гарааны компани байгуулсан. Дахин 4-5 гарааны компани байгуулах санал яаманд өгөөд байна. Гарааны компанид лабораторийн түвшнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Одоогоор гарааны компани хуулиараа хэний өмч байх, эхний санхүүжилтийг хаанаас хийх нь тодорхойгүй байгаа юм. Эрхзүйн орчин сайжирвал гарааны компани хөгжих боломжтой. Жишээ нь Завхан аймгийн нутагт загасны хэмээн нэрлэгддэг академич Дулмаа гуай загас үржүүлгийн төв байгуулсан. Загасаа үржүүлж борлуулаад олсон мөнгөнөөсөө эрдэмтэн хувиа авч, үлдсэн мөнгөөр тэр орчмын экосистемийг сайжруулах, загасны үржилд хэрэгтэй бүхий л ажлыг зохицуулж байна. Гэхдээ эрхзүйн орчны саад байгаа.
Эрдэмтэн, судлаач хүн ердөө хоёр төрлийн бүтээгдэхүүн хийх үүрэгтэй. Мэдлэг үйлдвэрлэнэ, мэдлэгийг цаасан дээр үйлдвэрлэхээс өөр аргагүй. Цасан дээр мэдлэг үйлдвэрлээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Дэлхийн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд судалгааны материалаа нийтлүүлэх.
Энэ бол манай шинжлэх ухааны салбараас дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа үндсэн хэлбэр гэж албан ёсоор үзэх хэрэгтэй. Манай улс 2015 оны байдлаар Азийн 46 улстай харьцуулахад гадаадад хэвлүүлж буй эрдэм шинжилгээний бүтээлийн тоогоор 19 дүгээр байрт багтаж байна. Мэдлэг үйлдвэрлэдэг нэгдүгээр зэргийн бүтээгдэхүүний хувьд бид өөрсдийгөө чамлаж, голж болохгүй. Харин ч ийм бага зардлаар, ийм тоног төхөөрөмжийн хангамж муу орчинд энэ дайны мэдлэг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж байна гэдэг бол Монголын эрдэмтдийн чансаа ямар байгааг харуулж байгаа хэрэг.
Хоёрдугаар зэргийн бүтээгдэхүүн бол хүний гар дээр тавих бодит зүйл. Энэ талд хоцрогдолтой байгаа нь үнэн. Хуулиараа бол эрдэмтний бүтээлийг салбарын яам нь хүлээж аваад бизнесийн байгууллагатай холбож нэвтрүүлэх учиртай. Манай бизнесийн салбарынхан технологийн мэдрэмж байдаггүй. Тийм болохоор би энэ 4 жилд академийн дэргэд Технологийн бирж ажиллуулахаар Нийслэлийн байгууллагуудтай ярьж, хөтөлбөр төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна. Тэнд шинэ бүтээгдэхүүн технологио байнга тавьж сурталчилж байх юм.
-ШУА-ийн гишүүд гэж байдаг. Нийтийн дунд хэдэн өвгөн академичид гаднаас шинэ хүн ч нэмдэггүй, хоцрогдсон гэх яриа бий?
-Дэлхий дээр 110 орчим улсад шинжлэх ухааны академи байдаг. Эдгээр академи гишүүнээ сонгодог. Гишүүн сонголгүй ажилладаг академиуд зөндөө бий. Манай академи бол хамгийн их бүтээлтэй эрдэмтдийг сонгодог. Академи хоёр жилд нэг удаа гишүүний нөхөн сонгуулийг явуулдаг хуультай. Засгийн газраас академийн гишүүний дээд хязгаарыг 70-аар тогтоосон. Одоогоор 56 гишүүнтэй. Өсч яваа залуу эрдэмтдээр эгнээгээ шинэчлэх талаар 5 жилийн өмнө гишүүн сонгох журамд өөрчлөлт оруулсан. Үүнд 45 хүртэлх насны, бүтээл сайтай, боловсролын доктор академийн гишүүнд нэрээ дэвшүүлж болно гэж. Журамд өөрчлөлт орсноос хойш хоёр сонгууль болсон. Эхний сонгуулиар нэг залуу академичтай болсон. Дараагийн сонгуулиар залуу эрдэмтэд өрсөлдсөн ч шалгуурт тэнцэх хүн гараагүй. Энэ жилийн сонгууль удахгүй болно.
-Академийн гишүүн болсноор ямар онцгой эрх эдэлдэг юм бэ?
-Академийн гишүүд гадаадын томхон хуралд итгэл тавих зардлыг ШУА даах, бүтээлийг нь үнэгүй хэвлэх, цолны нэмэгдэл гээд давуу тал бий. Хөрөнгө мөнгө сайтай гадны ШУА-ийн гишүүд энэ олгосон эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж чаддаг л даа.
-Эрдмийн зэрэг цол хамгаалахад маш амархан болсон. Нийгэмд, хүмүүст ямар ч хэрэггүй сэдвээр эрдмийн зэрэг хамгаалдаг. Чанаргүй эрдэмтэн докторуудаар дүүрсэн гэж шүүмжилдэг нь нууц биш. Хуучин ШУА-ийн Ерөнхийлөгч үүнийг цэгцэлнэ гэж ярьдаг байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Манайд боловсролын зэрэг, эрдмийн зэрэг гэж байдаг. Боловсролын зэрэг нь их, дээд сургуулиар дамжаад боловсролын хамгийн өндөр зэргийг хамгаалсан учир доктор гэдэг. Боловсролын доктор хамгаалсан хүн тодорхой хугацааны дараа тодорхой нөхцөл биелүүлээд шинжлэх ухааны доктор хамгаалдаг. Хэрэггүй сэдвээр хамгааллаа гэдэг асуудал социализмын үед байсан яриа. Энэ сэдэв үнэхээр хэрэгтэй юу гэдгийг үнэлэхэд хамгийн хэцүү.
-Суурь судалгаа хийдэг залуу эрдэмтэд ховордож байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна гэж ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Эрдэм шинжилгээний ажил хийе гээд өөрөө сонгоод, сонирхоод ирж байгаа хүмүүс сэтгэлгээний онцлогтой байх ёстой. Хүн бүр энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн болно гэж байдаггүй. Тодорхой сэтгэлгээний онцлогтой хүн энэ салбарт амжилтад хүрдэг. Энд карьер хийе гэсэн хүн хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг, тогтвортой ажиллах ёстой. Хамгийн эхний тавих шаардлага ийм байна. Гэтэл манай бодит нөхцөлд энэ шаардлагад тохируулан шалгаруулахад бэрх. Яагаад гэвэл энэ салбар цалин багатай. Цалин ихтэй салбарт арай гайгүй нь явчихдаг. Амьдралаа бодоод энэ салбарт ажиллахгүй. Тэгэхээр энэ салбарт олж авсан хүнээ дөртэй болгож ажиллах нь чухал. Гадны улс орны их, дээд сургуулийн багш профессорууд, эрдэм шинжилгээний салбарт ажилладаг судлаачийн цалин ижил байдаг. Манай улсын эхний зорилт бол төрийн өмчийн их сургуулийн багш, профессорууд, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд ижил түвшний цалин өгөх хэрэгтэй. Одоогоор энэ хүмүүсийн цалин хоёр дахин зөрүүтэй явдаг. Дээд боловсрол, шинжлэх ухаан гэсэн салбар харилцан бие биеэ тэтгэж явах учиртай юм. Цалинд боогдоод тогтвортой сууж судалгаа хийх эрдэмтэн ховордож байгаа нь нууц биш. Судлаач эрдэм шинжилгээний ажилтныг тогтоох гол хүчин зүйл цалин шүү дээ.
-ШУА гадны орнуудтай нэлээд хамтарч ажилладаг. Хамтарсан экспедиц, хамтарсан судалгаа гээд. Сүүлийн үеийн ололт амжилтаасаа дурдаач. Гадаад хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Дэлхийн шинжлэх ухаан XIX зууны 50-иад оноос даяаршсан. Даяарших процесс шинжлэх ухааныхаа мөн чанараар эрт эхэлсэн, судалдаг зүйл нь хаана ч адил. Бид дэлхийн жишигт шинжлэх ухааныхаа салбарыг аваачиж байж дэлхийтэй ойролцоо ажиллах, тоогдох нөхцөл бүрдэнэ. Бид гадаад харилцааны хувьд харьцангуй өргөн боломжтой. Манай залуу эрдэмтэд академийн гадаад харилцааг ашиглаад аль ч улс оронд оронд урт, богино хугацаагаар ажиллаж, цол хамгаалах боломж нээлттэй. Залуу эрдэмтэн судлаачдаа гадны улс оронд явуулахын тулд Хүрээлэнгүүдийн дунд байнгын ажиллагаатай англи хэлний дамжаа нээхээр ажиллаж байна.
Сүүлийн 2-3 жилд 2 тэрбум орчим төгрөг гадаад харилцаанаас орж ирсэн нь судалгааны ажлыг өргөжүүлэх, түвшинг дээшлүүлэхэд илт нэмэр болсон. Монгол Улс Археологи, Палеонтологийн судалгаагаар дэлхийд 4-т жагсаж байна. Бид гадны зардлаар экспедицээ явуулж, судалгаагаа ч гадны хүрээлэнд очиж судалж байна. Энэ бол мөнгөн хэлбэрээр бус орж ирж байгаа маш том санхүүжилт. Мөнгө байвал монголчууд шинжлэх ухааны бүхий л салбарт дээгүүрт жагсах боломжтой.
Ирэх жил хөрш хоёр орны ШУА-ийн ерөнхийлөгчийг урина. БНХАУ-ын Академийн ерөнхийлөгчтэй хамтарсан судалгааны төв байгуулах аман тохиролцоонд хүрсэн. Эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг гадны судлаачидтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Түүнээс гадна ШУА-ийн хэмжээнд гадаадаас том том төсөл оруулж ирдэг баг байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Залуу судлаачийг санхүүжүүлдэг, төсөл шалгаруулдаг, гадаадын сан, байгууллагууд зөндөө болсон. Түүнд тоогдох төслийг олж холбож өгөх түүгээр санхүүжигддэг болохыг зорьж байна.
-Манай эрдэмтдийн гадаад, дотоодод нүүр тахалсан хамгийн чухал ямар судалгаа байна вэ?
-Манай улс онолын судалгаагаар дэлхийн шинжлэх ухааны газрын зурагт тэмдэглэгдсэн. Үйлдвэрийн бааз байхгүй, бүтэц зохион байгуулалтын онцлогоос болж хэрэглээний судалгаа тэмдэглэгдэхгүй байгаа юм. Палеонтологийн чиглэлээр манай улс дэлхийн эхний гурван орны нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Нэгдүгээрт АНУ ордог бол хоёрдугаарт монгол уу, хятад уу гэсэн түвшинд байна. Монголын палеонтологийн олдворыг нээгээд дуусна гэж байхгүй, дахин 10 жил, 100 жил судална. Палеонтологийн чиглэлээр өшөө олон судлаач эрдэмтдийг ажиллуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулаад дэмжих юм бол дэлхийд дээгүүрт явдаг түвшингээ хэзээ ч алдахгүйгээс гадна Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том үүд хаалга гэж хараад байгаа юм. Энэ бол шинжлэх ухаанаас эдийн засагт оруулж буй том хувь нэмэр болох ёстой. Палеонтологийн маш гоё музей байгуулах юм бол жуулчид олноороо ирнэ. БНСУ-д палеонтологийн олдвор байдаггүй хэрнээ өөр газраас олдсон олдворыг яг дуурайлгаж хийгээд музей байгуулсан байдаг. Тэр музейд нь хүмүүс тасрахгүй очдог байх жишээтэй. Ирэх оноос бид Польштой хамтран Палеонтологийн судалгааны станцыг Улаанбаатар хотод барина. Польш улсаас эхний ээлжинд 1 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ станц нь судалгаа хийх, олдвороо сэргээдэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй судалгааны станц байх юм.
Манай орон хуурай, сэрүүн уур амьсгалтай учир археологийн дурсгал хадгалагдаж үлдэх магадлал өндөр байдаг. Монголд одоогийн Түүх, археологийн хүрээлэн шиг 10 хүрээлэн байсан ч манай улсын археологийн дурсгалыг судалж барахгүй. Ялангуяа Хүннүгийн үеийн олдвор зөвхөн Монголоос л олдож байна. Дэлхийд олдож буй Хүннүгийн олдворын 80 хувь нь манай улсаас олдож байна шүү дээ. Энэ бүгдийгээ музей болгоод газар нутагтай нь холбоод хөгжүүлэх юм бол жуулчдыг дуудах сайхан боломж шүү дээ. Удахгүй ганцхан булшнаас олдсон олдворуудаар ном гаргана. Археологийн зарим өндөр насжилттай олдворыг Герман улстай хамтран ДНК-ийн судалгаа хийнэ. ОХУ-тай хамтран хувцас хунарын гарал үүсэл, насжилтыг тодорхойлох туршлагатай боллоо. Яг үнэнийг хэлэхэд Археологийн том музейтэй болмоор байна. Ихэнх олдвор маань төмөр контейнерт л хэвтэж байна шүү дээ. Тэгэхэд жинхэнэ олдворгүй хэрнээ хиймлээр хийгээд хүмүүсийг татаад мөнгө олоод байхад чинь бид хэдий болтол яриад суугаад байх юм бэ.
-Айлаар бол мөнгө олдог гол хүнээ дэмжмээр байгаа юм. Аль эртнээс л хөрөнгө оруулалт хийнэ гэж яриад л байдаг. Одоо ч нөгөө хэдэн олдвор яс нь контейнерт, хадгалалт хамгаалаlт нь ч хэр байдаг юм бол доо?
-Соёлын яамтай болоод Археологийн музей барих гэхэд л бизнесийн нүдээр хараад явчихдаг юм билээ. Зөвхөн зураг төслийг нь тэрбум төгрөг өөр хийнээ гээд оруулаад ирж байгаа юм. Тэрбум төгрөгийг Барсболд гуайд өгөх юм бол археологийн олдворын загвар хийдэг үйлдвэр байгуулна гэж ярьдаг хүн шүү дээ. Тэр үйлдвэрт 3D-гээр үйлдвэрлэсэн, дэлхийд ганцхан байдаг олдворуудыг гадаадын үзэсгэлэнд аваад явахад л мөнгө өөрөө л ирнэ биз дээ. Хэв загварын үйлдвэр гэдэг нэртэй юм билээ. Түүнийг байгуулчихвал палеонтологийн салбар улсын төсвөөс мөнгө шаардахгүй өөрөө өөрийгөө аваад явчих юм. Дэлхийн түвшинд байгаа энэ хоёр салбараа дэмжээд зоригтойхон шиг мөнгө хаяад өгчих юм бол эргээд тэр зарцуулсан мөнгөө дор нь олоод ирэх юм уг нь. Гэтэл ямар ч хэрэгтэй хэрэггүй юманд асар их мөнгө төсөвлөдөг.
Онолын физикийн салбарт Х.Намсрай гуай байна. Дэлхийд онолын физикийн том бүтээл хэвлэдэг газраас ном бичих урилга хүлээж авч байгаа эрдэмтэн дэлхийд цөөхөн. Мөн манай математикийн салбарынхан харьцангуй сайн. Академич С.Төмөрбат математикийн салбарын “Дэлхийн 50 жилийн 50 бүтээл”-д хоёр бүтээл нь орсон гэх мэт онолын салбарт манайхаас сайн эрдэмтэд олон бий.
-Шинжлэх ухааны салбарын ирээдүйг хэр бэлтгэж байна вэ. Барсболд, Бираа гуай шиг залуус төрж байна уу?
-Түүхийн салбар эрдэмтдээ сайн бэлтгэж байгаа. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг бид 34 настай байхад нь хүрээлэнгийн захирлаар томилохдоо нэлээд болгоомжилж байсан бол одоо 7, 8 жил болсон байна. Эргээд харахад хүрээлэнг үнэхээр хөл дээр нь зогсоосон. Гадаадын монгол судлалынхан энэ хүрээлэнд ирж ажиллах сонирхолтой, мэргэжил дээшлүүлдэг газар нь болсон. Гадааддаа ном бүтээлээ хэвлүүлж чадахгүй том эрдэмтдийн бүтээлийг ч Монголд хэвлэж өгдөг боллоо. Монгол судлалаар олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн төв бий боллоо гэж ойлгох хэрэгтэй. Онолын түвшинд бэлтгэгдсэн судлаачийн ажлын нэг хэсэг нь практикт нэвтэрдэг. Археологийн чиглэлээр жилд 10-13 экспедиц гадаадаас ирж байна. Үүнд монгол археологчид ажиллаж, богино хугацаанд хэл сурч, доктор хамгаалж байна. Хээрийн судалгааг гадаадын мөнгөөр, лабораторийн судалгааг гадаадад очоод хийчих нь гэдэг чинь том хөрөнгө оруулалт. Одоо нэн тэргүүнд археологийн судалгааны музей байгуулах шаардлагатай, лабораторид нь гадаадын эрдэмтэд мөнгөө төлж судалгаа хийдэг бол хэнээс ч хараат бус ажиллад явах боломжтой. Улсын төсвийн ачаалал ч буурна. Үүнд хамгийн гол эхний санхүүгийн зоригтой дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ