Идэвхитэй ажил хайгч 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүний найм нь эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээр хүмүүс идэвхтэй ажил хайгчдын эгнээнд багтдаг. Гэвч төдийлөн ажлын байранд зуучлагдах нь ховор байдаг гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн З. Мөнхбаяр хэллээ.
Ихэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөл бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд нийт 55 иргэнээс төсөл ирсэнээс 31-ийг нь сонгон шалгаруулж 35 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Санхүүгийн дэмжлэг авсан иргэд ихэвчлэн гар урлалын бүтээгдэхүүн хийх, хүнсний ногоо тариалах, модон болон төмөр эдлэл, оёдол хийх зэрэгт ашигладаг. Гэвч тус иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн буцаад зах зээл дээр гараад борлуулагдах нь хомс байдаг юм. Энэ нь тогтмол ажлын байртай болж чадахгүй байгаагийн нэг шалтгаан болдог байна.
Т. Одончимэг