Сүхбаатар аймаг Лэнд менежер программ нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-19 13:33:24

Сүхбаатар аймаг 12 сумын газрын кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд хөрвүүлэн уг программ хангамжийг нэвтрүүлэхэд бэлэн болж сумдад “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэх сургалтыг сумдын газрын даамлуудыг хамруулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт зохион байгууллаа.

“Энэхүү программыг нэвтрүүлсэнээр хүнээс хамааралтай зүйлийг багасгасан. Нөгөө талаараа иргэн, хуулийн этгээдийн өмчийг төрийн нэрийн өмнөөс баталгааажуулах, түүнийг бодитоор хамгаалах боломжтой юм. ямарваа нэгэн байдлаар газар давхцах, хэн нэгний өмч рүү халдах асуудал гарахад түүнийг нотлох, хамгаалах ямар ч эрхзүйн баримт бичиг, найдвартай систем байхгүй байсан зүйл үүгээр үгүй болж байгаа юм. мөн иргэд, хуулийн этгээдүүд газартай холбоотой өргөдөл хүсэлт гаргахад түүний явцыг өөрсдө хянах боломжтой  болж байгаа гээд олон талын давуу талууд бий болж байгаа юм” хэмээн Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар кадастрын ахлах мэргэжилтэн Г. Баяржаргал хэллээ.

Төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд сумдын Газрын даамлуудад нийт 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. сум тус бүрт хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий компьютер, гурван үйлдэл бүхий принтер, тог баригчийн хамт хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр газрын даамлууд шинээр нэвтрүүлж буй энэхүү сиситемээ ашиглан өөрийн сум орон нутагтаа ямар нэгэн техникийн саад бэрхшээлгүйгээр ард иргэддээ үйлчлэх боломжтой болж байгаа юм.

Ийнхүү аймгийн хэмжээнд газрын кадастрын шат дараалсан бүх үйл ажиллагааг агуулсан программ хангамж албан ёсоор хэрэгжиж, манай аймаг бүх сумаа уг цахим программд бүрэн хамруулсан аймаг болж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх төслийг 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж, 21 аймгийн төвүүдийг бүрэн хамруулаад байгаа юм. Улсын хэмжээнд 330 сумаас 120 сум уг програм хангамжид бүрэн холбогдоод байгаа аж.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ