АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-20 21:59:39

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт хоёр өдөр ажиллав.

Ажлын хэсгийнхэн шинэ тутам батлагдсан Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөгч төрийн албан хаагчдад тухайн мэдүүлгийг өгөхөд анхаарах ёстой асуудал, энэ чиглэлд хийгдэж буй шинэчлэлийн талаарх мэдээллийг  өгсөн байна. Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тус ажлын хэсэг бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион явуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авсан байна.

Энэхүү ажлын хүрээнд Баянхонгор аймгийн 20 сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн алба хаагчид, бизнес эрхлэгч,  хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагжээ.

Баянхонгор аймагт ажиллах үеэр нь АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, ахлах комиссар М.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

     -Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнг хэрхэн харж байна вэ?

Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрийн хуулийн хугацаа нь дууссан. Авилгатай тэмцэх хөтөлбөрийн асуудлыг 2014 оноос эхэлж ярьж байсан ч бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хойшилж саяхан батлагдлаа. Олон нийт, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтарч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүрэх нь хөтөлбөрийн зорилго.

     -Энэ удаад Баянхонгор аймагт ажиллаж буй ажлын хэсэг юун дээр анхаарч ажиллаж байна вэ?

-Бид Баянхонгор аймгийн төрийн бүх албан хаагчдад Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутагт юуг анхаарах ёстой талаар, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт дэүүлэг гаргахдаа зайлшгүй мэдэх ёстой асуудлын талаар цогц сургалтыг өгч байна. Мөн УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол, 2014 оны 20 дугаар тогтоолд ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа болон хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим системд хийгдэж буй шинэчлэлийн талаар мэдүүлэг гаргагчдад мэдээлэл өгч байна. Нөгөө талаар АТГ 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай байгууллагын дэргэд авилгатай тэмцэх олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэхүү зөвлөлийн салбарыг орон нутагт байгуулах ажил давхар хийгдэж байна Эл зөвлөлөөр дамжуулан ТББ, нутгийн өөрөө удирдах болон, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаад явах юм.

    -Баянхонгор аймагт авлига, ашиг сонирхлын асуудал ямар хэмжээнд байдаг юм бэ?

-Жил бүр Засгийн газар, төрийн байгууллагын хүрээнд Авлига, ашиг сонирхлын хуулийн хэрэгжилтийг хангаж байгаагаар нь дүгнэж үздэг. Баянхонгор аймгийн хувьд сүүлийн хэдэн жил сайн үзүүлэлттэй явж байгаа.

                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ