Энэ долоо хоногоос огцом хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-21 20:14:30

Энэ сарын сүүлийн арав хоногт Баянхонгорын нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүрч хүйтрэн, олон жилийн дунджаас их хэмжээний цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг УЦУОШАлбанаас мэдээллээ.

Мөн үеэр зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Тиймээс малчид малын бэлчээрт онцгой анхаарч, иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарахыг анхаарууллаа.

Мөн аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ