Биеийн тамирын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням ОХУ-ын Спортын сайд Михаил Владимирович Дегтяревтай Москва хотноо өчигдөр уулзлаа.
ССАЖЗЯ-ны мэдээлснээр, уулзалтад хоёр орны холбогдох байгууллагын удирдлага, бусад холбогдох албаныхан спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд хоёр оронд зохион байгуулах спортын үйл ажиллагаа, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээнд тамирчдыг харилцан оролцуулахаар тохиролцов. Мөн биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, биеийн тамирын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтярев нар “Хоёр улсын биеийн тамир, спортын салбарт 2026-2028 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.
Мөн талууд 2026-2028 онд салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, спортын олон төрлийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан харилцан зохион байгуулахаар төлөвлөж байна.