ЗАВХАН: Хүүхдүүд эрчим хүчээ зөв хэрэглэж, хэмнэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эрчим
хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх соёлыг хүүхэд багачуудад төлөвшүүлэх
зорилготой “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” нөлөөллийн аяны хоёрдугаар шатны
шалгаруулалтын шилдгүүд тодорлоо.
Энэхүү аяныг Эрчим хүчний зохицуулах хорооны санаачилгаар улсын хэмжээнд зохион байгуулж буй юм. Аяныг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн санаачилгаар амжилттай өрнүүлж, олон нийтэд эрчим хүчийг хэмнэх, зөв зохистой хэрэглэх мэдлэг ойлголтыг түгээхийг зорьсон байна.
Аян нь Завхан аймгийн Засаг даргын эрчим хүчний хэмнэлтийн
жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажил бөгөөд шилжин явах цомтой,
цаашид үргэлжлэн явах нөлөөллийн ажил юм.
Аяны хоёрдугаар шатны шалгаруулалтад Завхан аймгийн ерөнхий
боловсролын 29 сургуулийн удирдлага, бага ангийн 273 багш, 1-5 дугаар ангийн
6949 сурагч, эцэг эхчүүдийн хамт оролцсон нь тус аяны цар хүрээг илүү өргөн
болголоо. Нэгдүгээр шатыг Завхан аймагт тусгай зөвшөөрөлтэй уурын зуухнууд 20
сая төгрөгийн шагналын сангаар ивээн тэтгэсэн бол хоёрдугаар шатны ерөнхий
ивээн тэтгэгчээр Баян-Айраг эксплорэйшн ХХК, Чандмань-Өлзийт дөл ХХК, Уулс дөл
ХХК, Ундрах ХХК, Золжаргалсайхан ХХК ажилласан байна.
Хүүхдүүд бүтээлчээр өрсөлдөв
“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяны хоёрдугаар шатны шалгаруулалтын онцлог нь нэг сургуулиас 1-5 дугаар ангийн 10 сурагч нэг баг болон оролцож, нас насандаа тохирсон даалгаврыг биелүүлсэн явдал байв.
Тухайлбал нэгдүгээр ангийнхан баримлын шавраар эрчим хүч хэмнэх сэдэвт бүтээл хийж тайлбарлав. Хоёрдугаар ангийнхан усан будгаар хэмнэлтийн уриалгыг зургаар илэрхийлжээ. Гуравдугаар ангийнхан өгөгдсөн сэдвийн хүрээнд шүлэг зохион өрсөлдсөн байна. Дөрөвдүгээр ангийнхан эрчим хүчтэй холбоотой бодлого хамтран боджээ. Тавдугаар ангийнхан “Алтан хонх” тэмцээний хэлбэрээр 10 асуултад хариулан мэдлэгээ сорьсон юм. Багууд мэдээллийн самбар, үзэсгэлэн гаргахаас гадна үлгэр, хүүхэлдэйн киноны агуулгыг өөрчлөн жүжигчилсэн тоглолт үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг татав.
Toy Story киноны санааг ашиглан цахилгаан хэрэгслийг хэт ачааллуулахын сөрөг үр дагаврыг харуулсан бол Snow White and the Seven Dwarfs хүүхэлдэйн киноны баатруудаар дамжуулан эрчим хүчний буруу хэрэглээ байгальд хэрхэн нөлөөлөхийг дүрслэн үзүүлжээ. Мөн сурагчид зургандаа шар чийдэнг уйлж буйгаар, сүүн гэрлийг инээмсэглэж буйгаар дүрслэн эрчим хүчний хэмнэлтийн утга санааг бүтээлчээр илэрхийлсэн нь шүүгчдийн үнэлгээг өндөр авчээ.
Ийнхүү тэргүүн байрыг Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн “Бяцхан хэмнэгчид” баг, дэд байрыг Чандмань Эрдэнэ цогцолбор сургуулийн “Power stop” баг эзэлсэн байна. Гуравдугаар байрыг Улиастай сумын III сургуулийн “Эрчим хүчээ хайрлая” баг, тусгай байрыг Тэлмэн сумын “Эх дэлхийн зүрх”, Тосонцэнгэл сумын I сургуулийн “Energy” багууд хүртсэн байна. Хүн бүр эрчим хүчний хэрэглэгч. Тиймээс эрчим хүчийг хэмнэж, ухаалгаар хэрэглэх мэдлэг, дадлыг бага наснаас нь төлөвшүүлэх нь чухал болохыг энэхүү аян тод харууллаа. Хүүхдүүд өөрсдийн бүтээл, жүжигчилсэн тоглолтоор дамжуулан үе тэнгийнхэн болон олон нийтэд хэмнэлтийн зөв дадлыг уриалж, бодит үр нөлөө бүхий үйл ажиллагаа болж өнгөрсөн талаар зохион байгуулагчид хэллээ.
Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Батцэнгэл:
Хүүхдүүд бол хэмнэлтийн соёлыг түгээгч хамгийн хүчтэй элч нар
Эрчим хүч хэмнэх аянд хүүхдүүдийг хамруулж байгаа нь багш нарын талархлыг хүлээж байна?
-Эрчим хүч хэмнэх зөв дадлыг хүүхдүүдээр дамжуулан айл өрх
бүрд түгээн дэлгэрүүлэх нь хамгийн үр дүнтэй, тогтвортой шийдэл гэж бид үзэж
байна. Бага насанд хэвшсэн зөв хэрэглээний соёл насан туршид хадгалагддаг.
Хүүхэд сурсан, ойлгосон зүйлээ гэртээ очоод эцэг эх, ах дүүстэйгээ хуваалцаж,
өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлж чаддаг. Тиймээс эрчим хүч хэмнэх
боловсролыг багаас нь олгох нь хамгийн оновчтой хөрөнгө оруулалт юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд иргэд юунд анхаарах
шаардлагатай вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зөвхөн цахилгааны
хэрэглээг багасгах тухай ойлголтоор хязгаарлагдахгүй. Дулааны алдагдлыг
бууруулах, ус болон бусад нөөцийн зохистой хэрэглээг хэвшүүлэх нь ч мөн адил
чухал. Өрхийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой олон энгийн арга бий. Жишээлбэл,
ашиглаагүй гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах, дулаалгаа сайжруулах, халаалтын
тохиргоог зөв хийх, усыг гамтай хэрэглэх зэрэг нь хүлэмжийн хийн ялгарлыг
бууруулахад бодит хувь нэмэр оруулна.
Энэ ажлын урт хугацааны үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?
-Эрчим хүч, дулааны зохистой хэрэглээ нь зөвхөн эдийн
засгийн хэмнэлт авчрах төдийгүй байгаль орчны тогтвортой байдлыг хангах,
ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй орчин үлдээхэд чухал ач холбогдолтой. Бид
сургуулийн орчинд олгож буй мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарч,
хүүхдүүдийг “хэмнэлтийн элч” болгон бэлтгэхийг зорьж байна.
Ялангуяа эрчим хүчийг хэмнэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаар "networking" буюу холбоос үүсгэх санаачилгыг гарган ажиллаж байна. Ингэснээр өрх бүрийн хэрэглээний соёлд эерэг өөрчлөлт бий болж, нийгмийн бүх түвшинд эрчим хүч, дулаан, усны хэрэглээнд хариуцлагатай хандах дадал төлөвшинө.
Эцэст нь хэлэхэд, хэмнэлт бол зөвхөн нэг удаагийн аян биш,
харин амьдралын хэв маяг байх ёстой. Хүүхдүүдээр дамжсан энэ өөрчлөлт эрчим
хүчийг хэмнэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулна
гэдэгт итгэлтэй байна.

Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Батцэнгэл шилдэг оролцогчдод шагнал гардуулав.

Багуудын жүжигчилсэн тоглолтын хэсгээс


Хүүхдүүдийн бүтээл