"Эксим" банкны хөнгөлөлттэй зээлээр 9 аймагт ДС барина
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү оролцох үеэрээ "Аймгийн төвүүдийн дулаан хангамжид онцгой анхаарах шаардлага үүссэн" хэмээн мэдээллээ.
Салбарын сайд цааш хэлэхдээ "БНСУ-ын "Эксим" банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий гэсэн 9 аймагт шинээр дулааны цахилгаан станц барина. Мөн Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөнө. Одоогоор зээлийн хэлэлцээрүүд явагдаад, бэлтгэл ажлыг хангаад байна. Ирэх жил барилгын ажил эхлүүлэхээр шуурхайлж байна" гэв.
Тэрбээр, "Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудал" сэдвээр хийсэн уг мэдээлэлдээ манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая кВт.цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Концессын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлаад буй. Түүнчлэн өнгөрсөн онд баталсан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа.
Төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулах хүрээнд төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай.
Харин зүүн бүсэд нэн тэргүүнд бүсийн хэрэглээний өсөлтийг хангах Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх, цахилгаан хангамжийг сайжруулах, төвийн бүсийн нэгдсэн системд холбох Багануур-Өндөрхөөн 220 кВ-ын төслийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх, баруун бүсэд хэрэглээний өсөлт, дотоодын эх үүсвэрийг бий болгох, Эрдэнэбүрэн, Тавалтайн усан цахилгаан станцын төслүүдээс эхний ээлжинд эхлүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцлов.
Б.Туул