Марафон зайг 2 цагаас дотогш хугацаанд туулсан анхны тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-26 20:03:32

ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 26. /ТАСС/. Кенийн тамирчин Себастьян Саве Лондоны марафонд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Тэрбээр 42 км 195 м зайг 1 цаг 59 минут 30 секундэд туулсан байна. Өмнөх дэлхийн дээд амжилтыг түүний эх орон нэгт Келвин Киптум 2023 оны 10 дугаар сард болсон Чикагогийн марафоны үеэр 2 цаг 35 секундээр тогтоосон юм. Харин өнөөдөр Саве марафон зайг 2 цагаас дотогш хугацаанд гүйж туулсан дэлхийн анхны гүйгч боллоо.


Лондоны марафон гүйлтийн хоёрдугаар байранд Этиоп улсын тамирчин Йомиф Кежелча (1:59.41), гуравдугаарт Угандагийн тамирчин Жейкоб Киплимо (2:00.28) нар орсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван тамирчны амжилт өмнөх дэлхийн рекордоос давжээ.


Үүнтэй холбогдуулан дурдахад, 2019 оны 10 дугаар сард Кенийн холын зайн гүйгч Элиуд Кипчоге Австрийн Вена хотноо болсон гүйлтэд 1 цаг 59 минут 40 секундийн амжилтаар түрүүлсэн байна. Гэвч уг марафон гүйлт Олон улсын хөнгөн атлетикийн ивээл дор болоогүй учраас түүний амжилтыг албан ёсоор дэлхийн рекорд гэж тооцоогүй ажээ.


Өдгөө 30 настай С.Саве хоёр дахь удаагаа дараалан Лондоны марафонд түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн онд Берлиний марафонд аваргалсан юм.


Лондон, Берлиний марафонууд нь Токио, Нью-Йорк, Бостон, Чикагогийн марафонуудын адилаар элит цувралд багтдаг байна.

 

Холбоотой мэдээ