“Цахимд ч найз байя” аянд Өмнөговь аймаг “Хамгийн сайн нь байя” уриатайгаар нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-22 14:52:44

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аянд Өмнөговь аймаг “Хамгийн сайн нь байя” уриатайгаар нэгдэж, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран дунд, ахлах ангийн сурагчдын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор гурван сарын аян өрнүүлж байна.

 

Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Энхбат, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийгмийн ажилтнууд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, өсвөр үеийнхэнд цахим орчны зөв хэрэглээг бий болгоход хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

 

Тус аяны хүрээнд өсвөр үеийнхний цахим орчны зөв хэрэглээг бий болгоход чиглэсэн нөлөөллийн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, сурагчдын оролцоонд тулгуурласан хэлэлцүүлэг, парад алхаа, цахим хөдөлгөөн, уралдаан тэмцээн зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд гурван долоо хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “Хурдан” клубийн гишүүд болон ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагчдыг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.


Холбоотой мэдээ