Сумын цэцэрлэг хүүхдүүдэд зориулсан номын сантай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг бага насны хүүхдүүдийг цахим ертөнцөөс хол байж, зөв мэдээлэлтэй орчинд амьдарч байхыг хүслээ.
Тэрэр өөрийн төрж өссөн Алтанбулаг сумын “Дамбо” цэцэрлэгт 700 ширхэг хүүхдийн орчин үеийн номуудыг хандивлалаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд Алтанбулаг сумын ЕБС-ийн сургуулийн нэг ангил цахилгаан хөгжим өгч, “Дамбо” цэцэрлэгт “Цүндээлэй Цондоолой” хүүхдийн цуврал номнуудыг иж бүрнээр нь хандивлаж байсан гээд нутаг орондоо өөрийн боломжоор сайн үйлс хийсээр ирсэн байна. Энэ удаа Баярцэцэг тус “Дамбо” цэцэрлэгийн арга зүйч, өөрийн төрсөн эгч н..Батноровынхоо санаачилгаар өрнүүлээд байгаа цэцэрлэгийнхээ номын санг 1000 номоор шинэчилье аянг дэмжин ажиллажээ. Ингээд өөрийн хамтран ажилладаг байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр яг одоо худалдаанд гараад байгаа хүүхдийн ном зохиолуудыг тус цэцэрлэгт хандивлалаа. Тэрээр мөн аз жаргал хайр дурлалын тухай дуу дуулахаас илүү нийгмийг сайн сайхан зүйлсд уриалсан уран бүтээл гаргах болсон тухайгаа энэ үеэр ярьсан юм.
Дуучин Б.Баярцэцэг, ”Алтанбулаг сумын “Дамбо” цэцэрлэг нь цэцэрлэгийнхээ номын сангийн өрөөг шинээр тохижуулж зөвхөн цэцэрлэгийн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдэд нь ч гэрээр ном өгч уншуулж байгаа юм байна. Тус цэцэрлэгт одоо 170 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ. Тэдний эцэг ах дүүс тус номын сангийн номыг уншдаг гэж тооцоолоход ойролцоогоор сумынхаа 800 гаруй иргэнд номоор үйлчилж байгаа сайхан мэдээ байна” хэмээн ярилаа.
Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа:”Хүүхэд зөвхөн ном уншаад зогсохгүй номынхоо үйл явдлыг нь хоорондоо ярилцаж, амьдралд хэрэгтэй олон ухаануудыг номоос суралцдаг. Иймээс бид номын тооноос хөөцөлдөх биш. Орчин үеийн хүүхдийн уншиж болох бүхий л номнуудаар цэцэрлэгийнхээ номын санг баяжуулж, түүгээр жүжигчилсэн тоглолт хийх зэргээр номын баяр тэмдэглэдэг” гэлээ. Ийнхүү хөдөөний нэгэн сумын цэцэрлэг хүүхдүүдэд зориулсан орчин үеийн иж бүрэн номын сантай боллоо.
Ч.Отгонцэцэг