Хонгор суманд малын цэцэг өвчин гарч хорио цээр тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-08 23:34:15

Дархан уул аймгийн Хонгор сумын “Хар модтын гуу” хэмээх газар өвөлжиж буй малчин Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл энэ сарын 6-нд аймгийн ХХААГ-т иржээ. Энэ дагуу холбогдох албаны төлөөлөл багтсан шуурхай хэсэг газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчний анхны шинж тэмдэг илэрсэн учир дээж авч улсын “Мал Эмнэлгийн төв лаборатори”-т шинжилгээнд явуулжээ.

Аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр:-“Шинжилгээгээр уг мал цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргалаа. Голомтын бүсэд дөрвөн хот айлын 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн учраас эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн.

Бид аймгийнхаа хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй. Уг өвчин нэг газрын дөрвөн хот айлд гарсан учир тухайн орчинд нь хэсэгчилсэн хорио цээрийг тодорхойгүй хугацаагаар тогтоож хяналтад авсан. Иймээс иргэд цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэж ярилаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ