ХБИ-ийн шаардлагад нийцсэн орчныг бий болгох ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-10 16:45:16

Булган аймгийн төв Булган сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, бусад тохижилтын байдлыг шалгалаа.

Энэ нь "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулах зөвлөмж"-ийг Засаг дарга гаргасаны хүрээнд хийж байгаа хяналт юм. Зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын хэсэгт аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, "Түгээмэл хөгжил" ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Нийт 28 байгууллага шалгуулахад гарын 5 хуруунд багтахаар байгууллага л шаардлага хангахуйц тохижилтыг хийжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг хөрөнгө зарцуулж хүлээн авах танхим, хүүхдийн тасаг болон амбулатори зэрэгт тохижилт үйлчилгээг хийжээ. Мөн Булган ХААН банк, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Булган Мобиком, Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төв,  "Цанлэг" хувийн эмнэлэг, аймгийн ЗДТГ зэрэг байгууллага санаачилгатай ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие засах газар, налуу шат, хана дагуух бариул зэргийг хийжээ. Харин  Төв эмийн сан болон төв халуун ус, Барилга хот байгуулалтын газар, МСҮТ, "Анар" төв, Төрийн банк зэрэг байгууллагаар үйлчлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон байдаг тул дээрх байгууллагууд иргэдийн шаардлагад нийцсэн орчныг бий болгож ажиллах шаардлагатай байна.

                                                                                                                                                                              П.Батням

Холбоотой мэдээ