БНХАУ, Монгол, ОХУ худалдааны шинэ эрин үеийг эхлүүллээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-12-12 12:06:29

МОСКВА. /Traveldailynews/. ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хооронд худалдааны хамтын ажиллагааны шинэ эрин үе эхэллээ. Учир нь, Азийн хурдны замын сүлжээний дагуу олон улсын тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сарын 8-нд Москва хотноо байгуулсан юм.

Гурван тал энэхүү хэлэлцээрийг байгуулснаараа тус гурван улсыг холбодог “AH3” болон “АН4” Азийн хурдны замын маршрутын дагуу олон улсын зам тээврийн үйл ажиллагаа явуулах эрхийг нөгөө хоёр улсдаа олгож байгаа юм.

Гишүүн орнууд Азийн хурдны замын сүлжээг ашиглах бөгөөд энэ нь худалдаа наймаа, ард иргэдийн хоорондын харилцааны асуудалд түлхэц үзүүлэх, ялангуяа далайд гарцгүй Монгол Улсад эдийн засгийн хувьд ихээхэн өгөөжтэй юм гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын /ESCAP/ нарийн бичгийн дарга, доктор Шамшад Ахтар мэдэгдэв.

Уг хэлэлцээрийг байгуулах хэлэлцээг талууд гурван жилийн турш хийсэн бөгөөд үүнд “ESCAP” техникийн тусламж үзүүлсэн байна.

Энэ санаачилгын үр өгөөжийг харуулахын тулд энэ оны наймдугаар сард гурван орны тээврийн яамд 9 ачааны машинаас бүрдэх цувааг БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатар, Улаанбаатараас ОХУ-ын Байгал нуурын эрэг дэх Улаан-Үд хот хүртэл 2150 км аялуулах загвар арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Пакистантай залгаа хил дэх “AH4” хурдны замын маршрутыг нээж, цаашдаа уг замыг Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын дагуух Төв Азийн орнуудтай хоёр болон дөрвөн талт хэлэлцээрүүдийн дагуу холбох юм. Ингэснээр "Торгоны зам" эдийн засгийн бүслүүрийн баруун коридорыг байгуулах боломжтой болно.

Үүний зэрэгцээ хэлэлцээрийн хүрээнд “АН3” хурдны зам буюу Улаан-Үд-Улаанбаатар-Бээжингээс Тяньжин боомт хүртэл, “АН4” буюу Новосибирск-Өрөмч- Каши-Хонкираф хүртэлх хурдны замуудыг нээсэн нь БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн гурван талт хамтын ажиллагаанд гарсан бодит ололт юм.

Харин Азийн хурдны замын маршрутын дагуу дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийн эрх солилцох хүсэлтэй байгаа бусад орнууд энэхүү хэлэлцээрт нэгдэх боломжтой.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ