Чуулганы хуралдааны санал хураалтыг тогтоосон цагт явуулдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-14 13:19:58

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд “Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт, шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдрүүдэд зохион байгуулж болох бөгөөд тухайн нэгдсэн хуралдаан зохион байгуулан явуулж байгаа өдрийн 12.00 болон 16.00 цагт тус тус нэгдсэн хуралдааны санал хураалтыг зохион байгуулна. Нэгдсэн хуралдаанд сайд нар тогтоосон суудалд суух ба индэрт гарч асуултад хариулж, тайлбар хийнэ. Тамгын газар “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг хэвлэн нийтлэх ажлыг хариуцаж  долоо хоног тутам гаргах бөгөөд эмхэтгэлийн цахим хувилбарыг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулна” гэх зэрэг асуудлыг тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд үгээ хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Санал хураалтыг тогтоосон цагт явуулдаг болох нь өнөөгийн нөхцөлд тохиромжгүй” гэсэн саналтай байгаагаа хэлэхэд Төрийн байгуулалтын хорооны дарга А.Бакей хууль санаачлагчийн зүгээс “Тогтсон цагт санал хураалт явуулдаг болох нь зүйтэй. Ингэвэл бусдын өмнөөс кноп дардаг байдал арилна” гэсэн тайлбар хийсэн. Үг хэлсэн гишүүдийн дийлэнх УИХ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн эдгээр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тус тусын саналаа дэвшүүлсэн. Үүний дараагаар санал хураалт явуулахад олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ