Гэмт хэргийн улмаас 55 хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2016-12-14 17:21:25

Сүхбаатар аймагт 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 300 гэмт хэрэг бүртгэгджээ.

Гэмт хэргийн улмаас 55 хүн амь насаа алдаж, 160 хүн гэмтэж бэртсэн байна. Амь насаа алдагсдын олонх нь зам тээврийн ослоор нас барсан байна. Үүний голлох шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох, холын замд шөнө оройн цагаар явдагтай холбоотой хэмээн аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Зам тээврийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, дэд хурандаа Ч. Уранбор хэлж байна.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 664,3 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүний 65,8 хувийг нь нөхөн төлүүлсэн болохыг аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц. Алтанцэцэг танилцууллаа.

Гэмт хэрэгт холбогдон сэжиглэгдсэн 307 иргэний 33 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, ар гэртээ агсан согтуу тавих, танхайрах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах хэргүүд зонхилж байгаа юм. Гэмт хэргийн гаралт урьд жилүүдээс буураагүй байна.

Аймгийн Цагдаагийн газрын Саатуулах байранд 461 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь 2015 оны мөн үеэс 133 хүн буюу 22,4 хувиар буурчээ. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 50 хүн баривчлагдаж, захиргааны арга хэжмээ авахуулсан байна.

Гэмт хэргийн илрүүлэлт 83,5 хувьтай байгаа нь өссөн үзүүлэлттэй гарчээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ