ХСҮТ-д нийслэлээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-15 10:20:18

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай тоног төхөөржүүдийг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д өчигдөр хүлээлгэн өгөв.

ХСҮТ-д хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах нэг тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ийнхүү биелэлээ олов.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 1 давхраас 9 давхарт цойлох боломж гарч байна. Тиймээс хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олны өмнөөс талархалаа илэрхийлье” гэв.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Э.Эрхэмбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-д нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж өгч байна. Хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 11 багц тендер зарласан. Уг тендерт шалгарсан 5 компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээ байгуулж, өнөөдөр тоног төхөөрөмж хүлээлцүүлэх ажлыг зохион байгууллаа” гэсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ