Төгсөгчдөөс 40 хүүхэд ажлын байранд уригдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом политехник коллежийн 2,5 жилийн сургалттай техникийн болон мэргэжлийн сургалттай ангийнхан өнөөдөр Бөхийн өргөөнд Эрдмийн баяраа тэмдэглэж байна.
Энэ улиралд тус коллежийг 20 мэргэжлээр 453 хүүхэд төгсч байгаа бөгөөд тэднээс 40 хүүхэд өнөөдөр ажлын байрны урилгаа гардан авлаа. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тогооч, талх нарийн боовчин, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр зөөлөн оёдол, гутлын анги төгссөн хүүхдүүдийг Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд ажлын байраар хангаж байгаа аж. Цаашдаа барилга, авто засварын чиглэлээр төгсөгчдийн ажлын байрны захиалга нэмэгдэх байх хэмээн коллежийн удирдлага үзэж байна.
Улаангом политехник коллеж өвлийн улирлын элсэлтээ авч эхэлсэн бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн байдаг, орон нутагтаа бага зардлаар сурах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Б.Батхүү