Эрхүү хотод спиртын найрлагатай уусмалд хордож амиа алдагсдын тоо 58-д хүрчээ 

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-12-21 14:06:50

ОХУ -ын Эрхүү хотод спиртын найрлагатай баталгаагүй "Боярышник"  хэмээх зорилалтын бус уусмал хэрэглэж, амь насаараа хохирогсдын тоо өссөөр байна.

 “Боярышник” хэмээх спиртын найрлагатай усанд ороход  зориулагдсан шингэн уусмалыг Эрхүүгийн архинд донтогчид хэрэглэж байгаад олноороо хордож, амь насаа алдаад буйтай холбогдуулан Орос улсын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин өнгөрсөн шөнө Эрхүү хотод хүрэлцэн очиж шуурхай хуралдаан хийгээд Москвад буцаж ирсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

12 дугаар сарын 18-ны өдөр дээрх уусмлыг  хэрэглэсний улмаас олон тооны хүн хордож, хэдэн арван хүн амь насаа алджээ. Одоогоор нас барагсдын тоо 58-д хүрээд байгаа бөгөөд 102 хүн эрүүл мэндээрээ хохирсон тухай Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг урьдчилан хорих газар  саатуулсан тухай ОХУ -ын  Дотоод хэргийн яамнаас Эрхүү мужийн асуудал хариуцсан  тэргүүн Герман Братчиков уламжилсан байна.

А.Огторгуймаа. Москва хот.

Холбоотой мэдээ