Зарим зөрчлийг арилгуулахаар прокуророос шаардах бичиг хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 22:07:19

Баянхонгор аймгийн Прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг хэлэлцжээ.

Шалгалтын хүрээнд иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр торгууль ногдуулсан 199, гадаад паспорт хаяж үрэгдүүлсэн 8, иргэний үнэмлэх хуульд заасан хугацаанд аваагүй 1, нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 208 материалыг хянажээ. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад захиргааны шийтгэл ногдуулсан 28, шийтгэвэр бичээгүй байтлаа торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлсэн 58, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасан журмаар бичээгүй, зөрчил гаргасан цаг хугацааг тогтоогоогүй 64 буюу нийт 150 зөрчил илрүүлсэн байна.

Тус зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 28 шийтгэврийг хүчингүй болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ