Төсвийн байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг нэн яаралтай дэгээр хэлэлцэж дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-15 08:16:01

УИХ Төсвийн байнгын хороо өчигдөр нэн яаралтай дэгээр хуралдаж Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдгээр хууль, тогтоолын төслийг Засгийн газар 2015.10.14-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн өдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дээрх хууль, тогтоолын төслүүдийг Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлын тов дарааллыг харгалзахгүйгээр УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх тухай Захирамжийг гаргасан юм.

Үүний дагуу Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хурал 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Сангийн сайд Б.Болор хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулсан юм.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сард, Япон Улсын Парламент 5 дугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг байна.

Гаалийн тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас “гарал үүслийн гэрчилгээ”-г хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж.

Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “гарал үүслийн гэрчилгээг” шаардах хэрэгтэй байна хэмээн Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгох бөгөөд импортоор орж ирж байгаа барааны гарал үүслийг нотлон холбогдох баримт бичгийг бүрдүүлсэнээр хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэнэ гэлээ.

Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн XXIV зүйлд гишүүн орнууд эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар “хөнгөлөлттэй тариф”-ыг хэрэглэхийг заасан байдаг.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сард, Япон Улсын Парламент 5 дугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд хөнгөлөлттэй тарифын хувь, хэмжээг тохиролцсоны дагуу хэрэглэх аж. Иймд дээрх үндэслэл шаардлагыг харгалзан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсрууллаа гэж Сангийн сайд тайлбарласан.

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон билээ. Ингэхдээ манай улс дээрх байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээжээ.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ДХБ-ын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дээрх заалтыг зөрчиж байгаа аж.

Мөн Улсын Их Хурал 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

Дээрх хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан байна.

Иймд Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан /bounded/ буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл, Д.Батцогт нар асуулт асууж, хариулт авсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг, Д.Батцогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуулиудын төсөл, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ