Өвөлжилт хүндэрсний улмаас 40 өрх отрын бүс нутаг руу нүүв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-27 14:01:55
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн 160 малчин өрх айлаас 40 гаруй малчин өрх өвөлжилт хүндэрсний улмаас Хэрлэн, Баян-Улааны отор тэжээлийн бүс нутаг руу нүүсэн байна.

Баяндэлгэр сумын нутгаар цас ихтэй өвөлжилт хүндхэн, Галуут болон Байдраг хоёр багийн нутгаар цас 20-30 см-ийн зузаантай байгаа ажээ. Өнгөрсөн 7 хоногт орсон цасаар цасны зузаан 4-5 см-ээр нэмэгджээ.

Баяндэлгэр сум нийт 260 гаруй малчин өрхтэй бөгөөд өнгөрсөн жил 165 мянган толгой мал тоолуулсан бол энэ жил 180 мянган толгой мал тоолуулсан нь өнгөрсөн жилийнхээс 9 хувиар өссөн дүн юм.

Энэ жил малчид өөрсдөө боломжийн хэмжээнд өвс тэжээл бэлтгэн нөөцөлсөн байна. Харин Баяндэлгэр сум өвөжилтийн нөөцөнд 600 боодол өвс, 3 тонн хивэг бэлтгэжээ. Одоогоор өвс хүссэн малчдад шаардлагатай өвс тэжээлийг олгож байгаа юм. Мөн аймгаас өвс тэжээл татаж авах хуваарь гарч өнгөрсөн жилийн өнжмөл өвс болон Угтаал сумаас нэг тоннын 370 мянгаар 20 тонн улаанбуудай авах ёстой ч сумынхаа нөөцөд байгаа өвсийг малчиндаа тарааж дуусаагүй болохоор одоогоор татаж аваагүй байна.

Сумын Засаг дарга Г.Баасанжав “Өнөөдрийн байдлаар сумаас малчдад өвс, тэжээл, хивэг зэргийг олгож байгаа ч зарим нь авахгүй байна. Энэ нь нэн шаардлагатай өвс тэжээлийн дутагдалд одоохондоо ороогүй байх гэсэн дүгнэлттэй байна. Малчдын хувьд онцгой асуудал үүслээ гэсэн мэдээлэл одоогийн байдлаар алга байгаа бөгөөд өөрсдийнхөө бэлтгэсэн өвс тэжээлээр цагийн байдлыг харзнаж байна” гэв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ