Дундговь аймгийн шилдэг хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-30 17:15:31

Оюун ухаан, авъяас чадвараа хөгжүүлж, улиран одож буй онд сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн Дундговь аймгийн шилдэг хүүхдүүд тодорлоо.

Тодруулбал, Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12б ангийн сурагч Б.Хулан сурлагын амжилт, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Э.Банзрагч урлаг, Эрдэнэдалай сумын 12а ангийн сурагч Ө.Ариунгэрэл спортын амжилтаар бусдыгаа манлайлан энэ оны шилдэг хүүхдээр шалгарсан юм. Мөн Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн 12г ангийн сурагч М.Дамдин хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг үлгэр жишээ удирдан зохион байгуулсан, Эрдэнэдалай сумын дунд сургуулийн 12в ангийн сурагч Х.Мөнхтуул бүтээлч, ажилсаг хичээнгүй чанараар үлгэрлэж, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлон өөрийгөө хөгжүүлсэн, Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12а ангийн сурагч Н.Баттунгалаг байгаль хамгаалах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхи санаачлага гаргасан, “Мандал” сургуулийн 12а ангийн сурагч Г. Намсрайжав ардын урлагийн өв соёлыг тээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа, Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Сангидорж шинийг сэдэж, техник сэтгэлгээгээ хөгжүүлж байгаа, Дэлгэрхангай сумын дунд сургуулийн 12а ангийн сурагч С.Амарзаяа хүмүүнлэг, энэрэнгүй үйлс бүтээсэн амжилтаар тус тус шилдэг хүүхдийн хүндэт өргөмжлөл шагналыг гардан авав.

Шилдэг хүүхдүүдийн шагналыг уламжлалт Харшийн сүлд модны наадмын тайзнаа аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ хүрэлцэн ирж гардуулсан юм.

Мөн Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн сурагч Б.Хулан, Дэлгэрхангай сумын ЕБС- ын сурагч С.Амарзаяа нар Монгол Улсын Онцлох хүүхдээр шалгарч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Онцлох хүүхэд” өргөмжлөл, “Шилдэг хүүхэд” медалийг гардан авсан байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ