М.Шумахерын эмчилгээний зардал 14 сая фунт стерлингт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-04 12:35:15

МОСКВА./TASS/. Германы алдарт авто уралдаанч Михаэль Шумахерт хүргүүлсэн эмнэлгийн тооцооны хуудас, төлбөрийн нэхэмжлэх дээр бичигдсэн тоо 14 сая фунт стерлингт бараг хүрээд байгаа тухай Мirror сонинд бичжээ.

Уг сонинд дурдсанаар, Шумахерын нэг долоо хоногийн эмчилгээний зардал 115 мянган фунт стерлинг болж байгаа аж. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийлгэсэн эмчилгээний нийт зардал нь 13,8 сая фунт стерлингт хүрээд байна.

Сануулан дурдахад, Шумахер 2013 оны 12 дугаар сард Францад уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. 2014 оны 9 дүгээр сараас хойш тэрбээр Швейцарь дахь харшдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм.

М.Шумахер 1991-2012 оны хугацаанд "Бенеттон", "Феррари" болон "Мерседес" багийн бүрэлдэхүүнд “Формула-1” уралдаанд оролцож байв. Тэрбээр 5 удаа дэлхийн аварга болж, “Формула-1” уралдаанд түрүүлсэн тоо /91/, нэг улирлын хугацаанд түрүүлсэн тоо /13/ болон аварга цолыг дараалан 5 удаа хүртсэн зэрэг үзүүлэлтээрээ дээд амжилтууд тогтоож байсан домогт тамирчин билээ.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ