Хяргас суманд жирэмсэн эх энджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвд энэ сарын 3-нд жирэмсэн эх эндсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Тэрбээр 32 настай, өмнө нь хоёр удаа төрсөн, гурав дахь хүүхдээ тээж байсан эх аж. Хяргас сумын Хайрхан багийн малчин О.О гэх энэ эмэгтэй энэ сарын 2-ны өдрийн 16 цагийн үед Хяргас сумын Эрүүл мэндийн төвд 35 долоо хоногтой жирэмсэн ирж хэвтсэн байна. Сумын эмнэлэгт хоносон жирэмсэн эх өглөө 8 цаг 15 минутын үед гэнэт ухаан алдаж 3-ны өдрийн 12 цаг 25 минутад тархинд цус харваж нас баржээ.
Аймгийн НЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн баг 10 цаг 30 минутын үед Улаангомоос гарсан боловч Хяргас суманд очиж амжаагүй байтал жирэмсэн эх эндсэн байна. Энэ хугацаанд сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эх баригч нар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй аж. Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэрийн улмаас тархинд цус харваж нас барсан гэсэн дүгнэлтийг эх барихын эмч нар гаргаад байна. Тэрбээр 6 долоо хоногтой жирэмсэн байхдаа хяналтанд орж, энэ хугацаанд 6 удаа эмнэлэгт үзүүлжээ.
Хяргас суманд жирэмсэн эх эндсэнтэй холбогдуулан аймгийн ЭМГ-ын даргаар ахлуулсан Эхийн магадлах комисс өчигдөр газар дээр нь очиж ажилласан байна.
“Жирэмсэн эх эндсэн шалтгааныг тодруулахаар Хяргас суманд ажиллаад ирлээ. Хяргас сумын эх барих эмч нар даралт ихэссэн, жирэмсний хожуу хордлоготой эх байна гэдгээ аймгийн НЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарт яаралтай мэдэгдсэн бол байдал өөрөөр эргэх байсныг үгүйсгэхгүй" хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр мэдээллээ.
Аймгийн хэмжээнд жирэмсэн эхийн хяналтыг сайжруулж ажиллах тухай албан даалгаврыг ЭМГ-аас өнөөдөр сумын Эрүүл мэндийн төвүүдэд өгч эхлээд байна. Увс аймгийн хэмжээнд сүүлийн 5-6 жилд эхийн эндэгдэл гараагүй байсан юм.
Б.Батхүү