Сүм, хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-07 16:55:47

Завханы Өрнөх хөгжил ТББ-аас Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгээр сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших эрхийн хэрэгжилтэнд судалгаа хийжээ. Энэ талаар тус төрийн бус байгууллагын дарга М.Дуламжавтай уулзаж ярилцлаа.

-Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн суурь боловсролын талаар танай байгууллага судалгаа хийсэн. Энэ удаагийн судалгааны зорилго чухам юу байв?

-Манай Өрнөх хөгжил ТББ-аас Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгээр сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших эрхийн хэрэгжилтэнд мониторинг хийсэн байгаа. Энэ судалгааны зорилго нь сүм хийдэд шавилан сууж байгаа  хүүхдүүдийн суурь боловсрол эзэмшихэд саад болж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх, хүүхэд бүрт суурь боловсрол эзэмшүүлэх төрийн байгууллагууд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөл үзүүлэх явдал юм. Мэдээж судалгаа маань дотроо зорилттой. Эхний зорилт маань сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдэд төрөөс суурь боловсрол олгоход тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг  илрүүлэх. Дараа нь бүх хүүхэд, үүний дотор лам хүүхдэд суурь боловсрол олгох талаар шат, шатны төрийн байгуулага, албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн эрх үүрэг, хариуцлагыг судлах,  сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэхэд төр шашны байгууллага, талуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний анхаарлыг хандуулах  нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилттой ажилласан байгаа.

-Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдэд төрөөс суурь боловсрол олгоход тулгарч байгаа ямар хүндрэл бэрхшээл харагдаж байна?   

-Бид судалгаа хийх явцдаа хүүхдүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд ажиглалт хийсэн. Хүүхдүүд өглөө 9:00 цагт лам нарын хамт цугларч ирдэг. Өглөөний шашны ёслолоо хийсний дараа  /голдуу нийтийн хуралд суудаг тусгайлан хүмүүст зориулсан ном уншдаггүй/,  хэнгэрэг дэлдэх, дун үлээх шашны ёслолд хэрэглэгдэх материал бэлдэх, мод шатаах, зул, балин хийх  зэрэг ажилд оролцдог. Нэг цагийн үед хоолонд орж, гурван цагийн үед хийдийн ажил нь дуусдаг. Энэ нь Улиастай сумын  ерөнхий боловсролын сургуулийн аль ч ээлжийн хичээлтэй цагийн хувьд огт тохирохгүй байсан.

Мөн сүм хийдэд ирж байгаа, ном сурч байгаа болон сүмээс гарсан зэрэг хүүхдүүдийн тоо баримт бүртгэл судалгаа төрийн анхан шатны болон боловсрол, хүүхдийн байгууллага, шашны байгууллагуудын аль алинд нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл сүмд сурч байгаа болон сүмээс гарсан хүүхдүүдийн тоог гаргаж байгаагүй юм байна.

Ер нь сүм, хийдийн үйл ажиллагаанд оролцох,  шавилан суухад ямар нэгэн болзол, шалгуур тавьдаггүй, хүсэлт гаргасан хүүхэд болгоныг хүлээн авдаг учраас сүм хийдэд шавилан суудаг болон сүмийн үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихаасаа илүү сүм хийдэд хүүхдээ даатгаж орхидог нийтлэг талтай байна.

-Ер нь боловсролын байгууллага, хүүхдийн байгууллагуудад ч энэ талын мэдээлэл байхгүй байсан уу?

-Тийм ээ сүм хийдэд шавилан суугаа хүүхдүүдийн тоо бүртгэл огт байхгүй байна. Судалгаа хийх явцад төрийн албан хаагчид өөрийн баг, сумаас хэдэн  хүүхэд сургууль завсардсан талаар судалгаа мэдээлэл дутмаг, ойлголт мэдээлэл багатай буюу  багийн дарга, нийгмийн ажилтны хариуцах асуудал гэж үздэг төдийгүй сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг тухайлсан үүрэг хүлээсэн албан тушаалтан бага мэдээлэлтэй байна. Энэ нь улс төрийн сонгуультай холбоотойгоор албан тушаалтнууд дөрвөн жил тутам солигддог нь бодлогын тогтвортой байдлыг үгүйсгэж, ажлын хариуцлагыг сулруулж  албан хаагчдын ихэнх нь намайг байхад энэ хүүхэд сургууль завсардаагүй гэж өөрөөсөө холдуулах үзэгдэл байсан. 

-Тэгвэл лам хүүхдэд суурь боловсрол олгох талаар шат, шатны төрийн байгууллага, албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн эрх үүрэг, хариуцлага ямар шатанд байна вэ?

-Тэгэлгүй яахав. Ер нь сургууль завсардаад байгаа хүүхдүүдийн талаар төрийн байгууллага, боловсрол, хүүхдийн эрхийн байгууллагууд  тодорхой мэдээлэлгүй байгаа нь эдгээр хүүхдүүдийн талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй  байгааг харуулж байна. Манай аймагт хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх талаар төрийн албан хаагчдын /Багийн нийгмийн ажилтан, Засаг дарга/ ойлголт зөрүүтэй байна. Тухайлбал сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдийг суралцаж байгаа гэж үзэж сургууль завсардаагүй хэмээн тайлбарлаж байна. Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн ихэнх нь баг орон нутагтаа иргэний бүртгэлгүй түр оршин суугчид учраас орон нутгийн Засаг захиргааны нэгж болох /Багийн ажилтнууд/  сургуульд хамруулах талаар санаа тавьж ажилладаггүй. Сүм хийдийн удирдлага боловсролын хуулийн талаар мэдээлэлгүй, тухайн хүүхдүүд болон төрийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээдэггүйгээс тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх талаар санал санаачилга гаргадаггүй. Түүнчлэн эдгээр сургуулийн насны хүүхдүүд ерөнхий боловсрол  эзэмшиж чадахгүй байгаа нь хүүхдийн сурах эрхийн зөрчил болж байна. Энэ хүүхдүүд  ажил мэргэжил сонгох, цаашид их дээд юмуу мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн сурах, иргэний боловсрол эзэмших, нийгэмших боломж тааруу байгаа нь судалгаагаар харагдсан. 2013 оны Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 242 дугаар тушаалаар Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл, Насан туршийн боловсрол төвийн бүтэц зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолт гарсан боловч манай аймагт ажиллаж эхлээгүй байна.

-Цаашид сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэхэд төр шашны байгууллага, талуудын оролцох боломж,  анхаарах асуудал юу юм бол?

-Өнөөдөр орон нутагт шашин сүм хийдийн зөвшөөрөл авах хүсэлтээ Хууль зүйн хэлтэст гаргаад, түүн дээр ХЗХ дүгнэлт хийгээд аймгийн ИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл өгдөг байна. Тэгэхээр сүм хийд болон орон нутгийн удирдлагын харилцаа холбоо нь зөвшөөрөл олгох төдийгөөр хязгаарлагдаж байна. Тэгвэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны дараа ямар нэгэн байдлаар сүм хийддээ эргэж хяналтыг хийж үйл ажиллагааг уялдуулах  хэрэгтэй байна. Мөн сүм хийдийн тайлан мэдээг орон нутгийн ИТХ, ЗДТГ-аас авахдаа үйл ажиллагааны тайлан мэдээг дэлгэрэнгүй байдлаар авч үйл ажиллагаанд нь үнэлгээ дүгнэлт өгдөг байхаас гадна сүм хийд  хариуцан ажиллах байгууллага, мэргэжилтний ажил үүргийн хуваарьт оруулж ажиллах  боломжтой  юм. Сүм хийдийн дагаж мөрдөх ёстой стандарт дүрэм журам байгаа эсэх,  сүм хийд болон орон нутгийн зүгээс  хамтран ажиллахдаа  зөвхөн ёслол төдий биш хүүхэд хамгааллын чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, лам нарт иргэний боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах, хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага мөн байгаа юм. Түүнчлэн аймгийн Хууль зүйн хэлтэс сүм хийдүүдээ хариуцах, хүүхэд хамгааллын асуудлыг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар хариуцан ажилладаг салангид тогтолцоо байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн чиглэлээр сүм хийд, сургууль,  боловсрол,  хүүхдийн эрхийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцож асуудлыг шийдэх гарцыг хайх  боломж  байна.    

-Танай төрийн бус байгууллагын судалгааны багаас мэдээж санал зөвлөмж гаргасан байгаа. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ямар зөвлөмж гаргасан бэ?

-Сүм, хийдэд шавилан суух хүүхдүүдийн насны доод хязгаарыг хуульчлан тогтоох. Хэдийгээр хүүхдийн шашин шүтэх эрх нь хүүхдийн эрхийн конвенцийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн ч хүүхдэд заавал суурь боловсрол эзэмшүүлэх бодлогын дагуу хуульчлах. Мөн ерөнхий боловсролын суурь мэдлэг зайлшгүй эзэмшсэний дараа шашны сургуульд үргэлжлүүлэн суралцах асуудлыг  зохицуулж, хүүхэд өөрөө зөв шийдвэр гаргах нас, сэтгэл зүйн хөгжилтэй холбоотойгоор онцгой тохиолдол (хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах)-аас бусад нөхцөлд  14-15 наснаас эхлэн шашны сургуульд суралцаж, шашны номлол үйл ажиллагаанд хамрагдах. Сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо явуулах үйл ажиллагаанд давхар хяналт, мониторинг хийдэг байх. Хэрвээ хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар бол хүүхэд хамгааллын стандарт, шаардлага тавьдаг байхаар хуульчлан зохицуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргаад байна.  

-Үндэсний хэмжээнд, орон нутгийн түвшинд юу хийж болох вэ?

-Мэдээж үндэсний хэмжээнд хүүхдэд олгох шашны боловсролын бодлого боловсруулж, сүм хийд болон хүүхэд хамгааллын байгууллагын хоорондын бодлого, үйл ажиллагааг зохицуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр сүм, хийд хүүхэд хамгааллын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох нь чухал байна. Цаашид сүм хийдэд шавилан сууж байгаа болон үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, үүнд хяналт тавьдаг байх. Орон нутгийн удирдлагууд сүмийн тоо, бүртгэл, зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааг нь хянах байдлаар сүм хийдийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг бүртгэж, хамгаалах тогтолцоо бүрдүүлэх.  Эцэг эх, гэр бүлд хүүхэд хамгааллын мэдлэг мэдээлэл өгөх, гэр бүлийн хүүхдэд тавих халамж хамгааллыг нэмэгдүүлэх чиглэлээр тэдний оролцоог хангасан олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлэх шаардлгатай.  Харин орон нутгийн түвшинд сум, багийн Засаг даргын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд харьяа нутаг дэвсгэрийн хүүхдийн суурь боловсролын хамралтын талаар оруулж дүгнэдэг байх хэрэгтэй. Мөн шашны боловсрол олгож буй хөтөлбөр, сургалтуудтай аймгийн НХХ, БСГ, ГБХЗХГ танилцаж, хүүхэд хамгааллын стандарт шаардлагыг мөрдүүлэх. Аймаг, дүүргийн  БСГ, ГБХЗХГ, Насан туршийн боловсролын төвүүд нь өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдийн багш ажилтнуудыг хүүхэд хамгааллын чиглэлээр сургах, мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах нь зүйтэй. Цаашид хүүхдийн материаллаг хэрэгцээн дээр түшиглэж, үйл ажиллагаандаа татан оруулж буй сүм хийдэд хяналт тавих. Сүм хийдүүдийн үйл ажиллагааны тайлан мэдээг авдаг болох гэхчлэн 17 зөвлөмжийг бид холбогдох байгууллагууд мэргэжилтнүүдэд хүргүүлээд байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ