Ханиад томууны дэгдэлттэй холбогдуулан хязгаарлалтын дэглэм тогтоох санал хүргүүлэв

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2017-01-09 10:20:18

Агаарын бохирдлын оргил үе эхэлж, нийслэлийн хэмжээнд ханиад, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах болон олон нийтийн газруудын ажиллах цагийн хуваарийг богиносгох саналыг хотын дарга С.Батболдод хүргүүлжээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд орны ачаалал 79.3 хувиар хэтэрчээ. Уг өвчний тархалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн сайд хязгаарлалтын дэглэм тогтоох саналаа хүргүүлэв.

Мөн тэрбээр уг саналдаа, "Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлцэж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Уг тасаг энэ долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Мөн түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулах болсон. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачаалал буурах юм. Тиймээс дээрх хоёр тасаг хүүхдийн болон нярайн амьсгалын аппарат тус бүр хоёрыг олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ