Байнгын хорооны даргыг сонгосон тухай тогтоолыг нийтэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-16 10:11:13

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Үүгээр Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг сонгож, УИХ-ын гишүүн Б.Болор Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилогдсон тул өөрийн хүсэлтээр нь Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Элчин сайдыг томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.

Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан “ Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д зарим заалтыг нэмсэн Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Цаа буга маллан тайгад амьдарч байгаа хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувиар тооцож, улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлнэ” гэсэн заалтыг нэмжээ. Энэ тогтоолыг ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөх аж.

 Эмхэтгэлийн шинэ дугаарт, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Б.Туул

Холбоотой мэдээ