Өвөлжилт хүндэрсэн сумдад 1,9 сая мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-10 15:50:54

Энэ өвөл цас их орсны улмаас Увс аймгийн 13 суманд өвөлжилт хүндэрч эхлээд байна.

Эдгээр сумдад 5984 малчин өрхийн 22 мянга 47 хүн оршин сууж байна. Үүнээс жирэмсэн эх 343, 0-5 насны хүүхэд 2509, өндөр настан 1379, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1327 байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад нийтдээ 1,9 сая толгой мал өвөлжиж байгаа аж.

Өөрийн аймгийн отрын бүс нутгаар 355 малчин өрхийн 222 мянган толгой мал өвөлжиж байгаа бол Завхан, Ховд аймагт нийтдээ 82 малчин өрхийн 47,2 мянган мал өвөлжиж байна. Ихэнх сумдад эм тариа хүрэлцээгүй байгаа учир жирэмсэн эх, 0-5 хүртэлх насны хүүхэд, өндөр настай хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.

“Одоогоор тал газраа 20-35 см, уулархаг газраа 40-80 см зузаан цастай байна. Хээрийн зэрлэг амьтад идэш хоолгүйдэн уулнаас бууж ирж байгаа. Аймгийн Байгаль орчны газартай хамтран зэрлэг ан амьтдад өвс тэжээл хүргэх ажлыг Тариалан, Хяргас, Малчин суманд зохион байгуулсан. Цаашдаа 1-3-р сард цас ахиу орно. Тэгвэл хаваржилт бас хүндрэх нөхцөл байдал үүснэ. Сумдаас авсан мэдээллээр иргэдийн гар дээр бэлтгэсэн өвс дуусч, сумын нөөцрүүгээ орсон. Удахгүй аймгийн нөөц рүү орох байх” хэмээн аймгийн ОБГ-ын ажилтан Д.Өлзийт мэдээллээ.

Увс аймагт зам даваа хаагдаагүй боловч томоохон нуур голуудын мөсний зузаан нимгэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед Увс нуур 96 см хүрч хөлдөж байсан бол энэ жил 53 см хүрч мөстсөн нь зорчигч тээврийн хэрэгслүүд гол нууран дээгүүр явахдаа цөмрөх эрсдэл дагуулж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ