Шинэ Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын Үүйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нар тус аймагт ажиллаж амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан найман депутатыг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож хүндэтгэл үзүүллээ.
Уг хүндэтгэлийн уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Манай Улсын хувьд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан “Монгол Улсын Үндсэн хууль” бол хүний эрхийн асуудалд иж бүрэн, цогц шалгуураар хандаж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төвшинд томъёолж баталгаажуулсан, шүүх эрх мэдэл, түүний дотор Үндсэн хуулийн Цэцийг манай улсын төрийн тогтолцоонд цоо шинээр цогцлуулж өгсөн тулгуур эрх зүйн баримт бичиг билээ. Шинэ Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлэгт 80 орчим эрх, эрх чөлөөг тусгайлан нэрлэж баталгаажуулсаныг уг хуулийн оршил хэсгээс бусад бүлгүүдэд хүний эрхтэй холбогдолтой олон заалт зарчмуудыг харж болно. Манай улсын 1992 оны үндсэн хуулийг анхны ардчилсан шинэ Үндсэн хууль гэж нэрлэдэг. Үндсэн хуулийн төслийг, Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийгдэх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлж бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүүтэй баталгаажуулж өгөх боломж нээгдсэн” хэмээн онцоллоо.
Дашрамд дуулгахад 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
Б.Норовсамбуу