Нийгмийн хэв журам зөрчөөгүй бол эрүүлжүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-12 20:49:12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй адил хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд өргөн барьсан. Иймд тус хоёр төслийг анхны хэлэлцүүлгийн түвшинд нэгтгэхээр болоод буй. 

Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллуулахаар хуульчилжээ. Мөн шаардлагатай тохиолдолд эрүүлжүүлэх байрыг байгуулах юм. Түүнчлэн эрүүлжигдсэн тохиолдолд тухайн иргэн тодорхой хэмжээний төлбөр төлөх бөгөөд догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу номхотгох аргыг хэрэглэж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү архины эсрэг үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг дэмждэг байх хэрэгтэй гэсний зэрэгцээ эрүүлжүүлэх байранд иргэнийг заавал хонуулдаг бус, гэрт нь хүргээд өгдөг соёлтой үйлчилгээ нэвтрүүлэх нь зүйтэй гэв. Үүний зэрэгцээ хууль хэрэгжихтэй холбоотой бэлтгэл хэр хангагдсан эсэхийг тодруулсан. Эл асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Гудамжинд халамцуу яваа ч нийгмийн хэв журам зөрчөөгүй хүнийг бид эрүүлжүүлэх гэсэн юм биш. Өөрөө өөрийгөө хянах чадваргүй хүнийг эрүүлжүүлэх тухай асуудлыг энд ярьж байна. Үйлчилгээний соёл дээр анхаарч ажиллана. Өмнө байсан эрүүлжүүлэх байруудыг ашиглана. Гэхдээ зарим хүн ам олонтой сумдад эрүүлжүүлэх байр шинээр барина. Ажлын байрны ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой 698 орон тоо нэмэх шаардлага үүсч байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ орон тоо нэмэхгүй байх хэрэгтэй гэв. Үүнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Өөрийгөө хянах чадваргүй болсон иргэдтэй тулж ажиллана гэдэг амаргүй ажил. Тиймээс эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллах нь зайлшгүй. Эмч болон бусад хүмүүсээр орон тоогоо нэмэхээр тусгасан" гэсэн хариулт өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асуусаны дараа санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ