Улсын хэмжээнд жилд 29-58 мянган тонн аюултай хог хаягдал гардаг гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилт тавьсан байна.
2006-2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 мянган тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм. Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах аж.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хог хаягдлын хэдэн үйлдвэр хаанахтай хамтарч байгуулна тооцоолол байна уу гэсэн асуудлыг тодруулсан. Салбарын сайд Д.Оюунхорол, "Хог хаягдлыг баялаг гэж өмнө нь харж байгаагүй. Тиймээс хог хаягдлын үйлдвэр барих асуудал одоогоор шийдэлд хүрээгүй байна. Ер нь үйлдвэртэй бол 20 мянган хог түүж амьдардаг иргэдийн түүж буй хогийг арай өөр үнэ тарифаар авах бололцоо бүрдэнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Амарзаяа хогийг ангилан ялгах, тэр дундаа айл өрх, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг мөрддөгтэй адил хогоо ялгадаг байх хэрэгтэй. Энэ талын зохицуулалтыг хуулинд тусгах хэрэгтэй гэсэн саналаа хэлсэн юм. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан 23 цагт өндөрлөлөө.
Б.Туул